Нано асфальтаар замын эвдрэлийг хялбархан нөхдөг болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-09 16:31:18
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Ухаалаг Улаанбаатар дэд хорооноос олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбар аргаар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо.

 Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, агаарын ямар ч нөхцөлд ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.

Мөн эдийн засгийн хувьд уламжлалт замын нөхөөс хийх технологиос зардлын хувьд 50-60 хувийн хэмнэлт үзүүлэхээс гадна богино хугацаанд нөхөөсийг бөглөж, тэр даруй автомашин зорчиж явах нөхцлийг бүрдүүлдгээрээ ач холбогдолтой юм байна.

Түүнчлэн резинэн асфальтыг халуун асфальтан бетоноор нөхөөс хийдэг уламжлалт аргатай харьцуулахад үүссэн нүхэн эвдрэлийн сул шороо, бутарсан хэсгийг цэвэрлэж, шууд дүүргэлт хийдгээрээ давуу. Уг бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хаягдал асфальт болон хуучин дугуй бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэдгийг албаныхан хэллээ.

Энэхүү нано резинэн асфальтыг “Битумина Сэнтрал Азиа” ХХК нь олон улсын Bitumina Групптэй хамтран ажиллаж албан ёсны гэрээтэйгээр Монгол Улсад үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна.
Б.Заяа
Связанные новости