Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2 хувьд хүрнэ хэмээн тооцоолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-09 16:20:31
 Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн судалгаа-2017” тайланг албан ёсны танилцуулгыг НҮБ-ын байранд хийлээ. Эл тайланг Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн хорооноос жил бүр эрхлэн гаргадагаараа онцлогтой юм.

 Тус тайланд Ази, Номхон далайн бүсийн 2018 оны эдийн засгийн өсөлт удаашрах төлөвтэй буюу 5.1 хувиар өсөхөөр байгааг онцолжээ.

2016 онд бүс нутгийн эдийн засаг 4.9 хувиар өсч байсан бол 2017 онд 5.0 хувь болж нэмэгдсэн байна. Мөн тус судалгаагаар манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 2 хувьд хүрнэ гэсэн төсөөллийг гаргасан бол 2018 онд 3.5 хувь хүртэл өснө гэж дүгнэжээ.

Нүүрс, зэсийн дэлхийн зах зээлийн үнийн хүлээгдэж буй өсөлтөөс гадна зэс, алтны томоохон уурхайн өргөтгөл нь эдийн засагт хувь нэмэр оруулах хүчин зүйл болно гэж үзсэн байна.

 Манай улсын эдийн засгийн өсөлт 2015 онд 2.3 хувь, 2011-2014 оны уул уурхайн салбарын огцом өсөлтийн үед дунджаар 12.3 хувь байсан бол 2016 онд 1.2 хувь болж буурсан. Түүнчлэн ажилгүйдлийн түвшин 2016 оны эцэст 9 хувь болтол өссөнийг дээрх тайланд дурджээ.

Мөн тайланд Монгол Улс экспортын орлогоос гадна 2017 оны нэгдүгээр сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмсэн нь татварын дарамтын сулруулах, хэрэглээний зарлагыг нэмэгдүүлэхэд дөхөмтэй байх талтай хэмээн тодотгосон байна.    
 
 
Б.Заяа
 Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости