Миссисипигийн их сургуулийн барилгын дороос 7 мянган хүний шарил гарч иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-09 10:56:53
ЛОНДОН./BBC/. АНУ-ын Миссисипигийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн хотхоны нутаг дэвсгэрт 7 мянга гаруй хүний шарил байсныг илрүүлжээ. Булшны нийт талбай нь 8 га газрыг эзэлж байна.

19-20 дугаар зууны үед энд сэтгэцийн эмнэлэг байрлаж байсан ба нас барсан өвчтөнүүдийг тэнд нь оршуулдаг байжээ.

Албаны хүмүүсийн ярьснаар, эдгээр шарилыг ил гарган шинжилгээ хийх, өөр газар шилжүүлэн оршуулахад шарил тус бүрийн тоогоор 3 мянган доллар, нийтдээ 21 сая долларын зардал гарах аж. Иймээс Эрүүл мэндийн төвийн захиргаа арай хямд хувилбарыг судалж байгаа бөгөөд шинжилгээг өөрсдийн хүчээр хийхээр шийдсэн байна. 

Урьдчилсан тооцоолсноор, энэ ажилд жилд 400 мянган доллар шаардагдах бөгөөд найман жилийн турш үргэлжлэх юм.

Төсөвлөсөн зардалд дурсгалын цогцолбор, лаборатор барих зардал багтаж байгаа бөгөөд оюутнууд уг лабораторид нас барсан хүмүүсийн шарил, хадгалагдан үлдсэн эд зүйлсийг нь шинжлэх юм.

Миссисипи муж улсын хамгийн анхны энэ сэтгэцийн эмнэлэг 1855 онд байгуулагдаж, 1935 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тусгай эмнэлэг байгуулагдахаас өмнө сэтгэцийн өвчтэй хүмүүсийг голчлон шорон эсвэл барилгын дээвэр дээр төмөр гинжээр хүлэн байлгадаг байсан гэнэ.

Архивын мэдээлэлд дурдсанаар, 1855-1877 оны хугацаанд тус эмнэлэгт 1376 хүн  хэвтэн эмчлүүлснээс таван хүн тутмын нэг нь нас баржээ.

Иргэний дайны дараа АНУ-д сэтгэцийн өвчтэй хүмүүсийн тоо эрс нэмэгдэж, зарим үед 6 мянгад хүрч байв. 

Анх 2013 онд уг хотхоны ойролцоо авто зам барих үед шарил байгаа нь илэрч байсан бол 2014 онд гараж барих үед мянга гаруй авс гарч иржээ. 
О.Барс 

 

Связанные новости