Пхеньяныг зэмлэн буруушаасан Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдэлд ОХУ хориг тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-04-20 08:36:43
НЬЮ-ЙОРК. /VOA/. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Умард Солонгос ээлжит удаагаа пуужин харвасныг зэмлэн буруушаасан агуулга бүхий АНУ-аас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд өргөн барьсан мэдэгдлийн төсөлд ОХУ лхагва гарагт хориг тавьжээ.

Уг мэдэгдэлд “Умард Солонгосын хэрэгжүүлж буй баллистик пуужингийн хууль бус хөтөлбөр нь цөмийн зэвсгийг зөөгч системийг бий болоход хүргэж байгаа бөгөөд энэ нь бүс нутаг төдийгүй дэлхий дахины байдлыг хурцатгаж байна” гэжээ.

Аюулгүйн Зөвлөлийн баталсан холбогдох тогтоолуудыг зөрчсөн үйлдэл хийхээ зогсоож, тогтоолуудыг бүрэн дагаж мөрдөхийг Умард Солонгосоос шаардсан байна.

Пхеньян ард иргэдийнхээ хэрэгцээг хангах мөнгийг пуужин болон бөмбөг хийхэд зарцуулж байгаад ихэд санаа зовниж байгаагаа Аюулгүйн Зөвлөлийн гишүүн орнуудын төлөөлөгчид илэрхийлжээ.

Ирэх долоо хоногт болох Умард Солонгосын асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааныг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон даргалах аж.

Вашингтонтой “арцалдахгүй байх”-ыг АНУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Никки Хейли өчигдөр Умард Солонгост анхааруулсан билээ.
Г.Доржханд
 

 
Связанные новости