Хүчингийн хэрэг үйлдэж байгаагаа фэйсбүүкээр шууд цацсан 14 настай хүүг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2017-04-04 19:08:37

ЧИКАГО. /AFP/. Чикаго хотын цагдаа нар өсвөр насны охиныг хүчиндэж байгаагаа “Facebook”-ийн бичлэгээр шууд цацсан 14 настай хүүг баривчилж, 15 настай өөр нэгэн хүүг эрэн сурвалжилж байна гэж цагдаагийн газар мэдээлжээ.

Цагдаагийн газар бусад сэжигтнүүдийг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд хохирогч болох 15 настай охин цочролд орсон нь мөрдөн байцаалтын явцад хүндрэл учруулж байгаа тухай цагдаагийн газрын дарга Брендэн Дийнихан хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн байна.  

Хохирогч охин 3 дугаар сарын 19-ны өдөр гэмт хэрэг их гардаг уг хотод алга болсон бөгөөд хоёр хоногийн дараа түүнийг олж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Охины ээж цагдаад мэдэгдэн, хэдэн залуус охиныг нь хүчирхийлж буй “Facebook”-ийн бичлэгээс авсан зургуудыг үзүүлжээ.

Цагдаагийн газрын мэдээлснээр, 14 настай сэжигтнийг доод тал нь гурван зүйл анги, түүний дотор хүчингийн онц хүнд гэмт хэрэгт буруутгаж байна.

Чикаго хотод гарсан эл хэргийн дараа Facebook нийгмийн цахим  сүлжээ мэдэгдэл гаргаж, сүлжээнд хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлнэ гэдгээ нотоллоо.

Уг шууд бичлэгийг нэг дор 40 хүн үзсэн боловч хэн нь ч цагдаад хандаагүй байна. "Хүмүүс ийм бичлэг үзсэн атлаа 911 рүү залгахгүй байсан нь миний жигшил зэвүүцлийг өөрийн эрхгүй төрүүлж байна" гэж Цагдаагийн газрын мөрдөгч Эдди Жонсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ.

Өнгөрсөн онд Чикаго хотод сүүлийн 20 жилд гарч байгаагүй олон тооны буудалцаан, хүн амины хэрэг гарсан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын анхааралд өртжээ.

Х.Сарнай

Связанные новости