Төрийн Департаментын ажилтан Хятадын тагнуулчдаас бэлэг сэлт авч байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. Хятадын тагнуулчидтай удаа дараа холбоо барьж, тэднээс бэлэг авсан гэх үндэслэлээр АНУ-ын Төрийн Департаментын туршлагатай ажилтан Кэндис Мари Клэйборнийг баривчилжээ.
Тэрбээр өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна.
Клэйборн 1999 оноос хойш Төрийн Департаментын менежментийн мэргэжилтнээр ажиллаж байгаа аж. Тэрбээр нууцын зэрэглэлтэй баримт бичигтэй харьцдаг байсан бөгөөд Багдад, Хартум, Шанхай болон Бээжин дэх АНУ-ын ЭСЯ болон Консулын газруудад ажиллаж байжээ.
Прокуроруудын мэдэгдсэнээр, Бээжин болон Шанхайд байхад нь Хятадын албаны хүмүүс түүнд олон мянган долларын бэлэг сэлт, тухайлбал бэлэн мөнгө, компьютер, хоол хүнс өгч, аялалд явуулж, орон сууц өгчээ.
Өгсөн бэлэг сэлтнийхээ хариуд Хятадын тагнуулчид хатагтай Клэйборноос АНУ-Хятадын эдийн засгийн бага хурлын талаарх АНУ-ын засгийн газрын бэлтгэсэн дүн шинжилгээг өгөхийг хүссэн аж.
"Клэйборн өөрийн албан тушаал болон дипломат нууц мэдээлэлтэй харьцдаг байдлаа хувийн зорилгоор ашигласан” гэж АНУ-ын Хуульзүйн яамны албаны хүмүүс хэлээд “итгэл алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцно” гэлээ.
Хэрвээ гэм буруутай нь тогтоогдвол Клэйборнд 25 хүртэл жилийн хорих ял оноох аж.
Г.Доржханд