БНХАУ, Их Британи 62 тэрбум долларын гэрээ байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭЛОНДОН. /NHK/. БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон өчигдөр Лондон хотноо уулзаж, 62 орчим тэрбум долларын бизнесийн гэрээ байгуулжээ.
Их Британийн баруун өмнөд нутгийн Хинкли-Пойнт буланд цөмийн цахилгаан станц барих төсөлд БНХАУ ес гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж, хариуд нь станцын хувьцааны 33.5 хувийг эзэмшихээр талууд тохиролцсон байна. Их Британийн Засгийн газар уг төсөл дээр Францын компанитай хамтарч ажиллаж байгаа аж.
БНХАУ өөр хоёр цөмийн цахилгаан станцад санхүүжилт олгох бөгөөд бизнесийн эрхийг авч, өөрийн технологийг ашиглахын тулд хоёр станцын нэгийн хувьцааны гуравны хоёрыг эзэмших ажээ.
Үүнээс гадна, нисэх болон хөлөг онгоцны хөдөлгүүрийн үйлдвэр, БНХАУ-д эмнэлэг барих тухай гэрээг талууд байгуулсан байна.
Мөн мөнгөн тэмдэгтээрээ хийх арилжааг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ Засгийн газрын юанийн бондоо Лондонд гаргахаар болжээ. Ингэснээр БНХАУ анх удаа юанийн бондыг гадаадын зах зээлд гаргах боломжтой болж байна.
Уулзалтын дараа Си Зиньпин, хоёр орны алтан үе эхэллээ. Энэ нь хоёр талд ашигтай байдлыг бий болгоно гэж мэдэгджээ.
Цөмийн цахилгаан станц барих түүхэн гэрээг Камерон сайшаасан байна. Мөн тэрбээр, хоёр талын харилцаа нэг шат ахилаа гэж мэдэгдсэн нь уур амьсгалын өөрчлөлт, терроризмтой тэмцэх болон бусад асуудалд хоёр улс хамтран ажиллана гэсэн дохио юм.
БНХАУ-ын хүний эрхийн асуудлыг нүдээ анин өнгөрөөлөө гэж зарим хүн Их Британийн Засгийн газрыг шүүмжилсэн бол зарим нь Их Британийн үндэсний аюулгүй байдалтай холбоотой цөмийн цахилгаан станцад БНХАУ хөрөнгө оруулалт хийх нь аюултай гэж болгоомжилж байна.
Д.Нямтулга