Ле Пен: Европын Холбоо задран унана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2017-03-27 17:21:28

ЛОНДОН./BBC/. Европын Холбоо задран унана, учир нь ийм холбоо хүмүүст цаашдаа огт хэрэггүй гэж Францын Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэл баримтлалтай “Үндэсний фронт” намаас нэр дэвшин өрсөлдөж буй Марин Ле Пен дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ мэдэгджээ.

“Глобалистуудыг ялан дийлэх цаг мөч ирлээ. бидний далбаан дор нэгдэхийг бүх эх орончдод уриалж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

АНУ-д суугаа Францын элчин Жерар Аро энэ мэдэгдлийг твиттер хуудсандаа тайлбарлахдаа “Францын Ернхийлөгчийн сонгууль бол Европын хувьд “үнэнийг тодорхойлох мөч” юм” гэжээ.

Сонгуулийн эхний үе шат 4 дүгээр сарын 23-нд болох юм. Ле Пений гол өрсөлдөгчид нь төвч үзэлт Э.Макрон, баруун төвийн үзэлт Ф.Фийон нар юм. Шинжээчдийн таамаглаж байгаагаар, Макрон, Ле Пен нар эхний шатанд ялан хоёрдугаар шатанд өрсөлдөж, Макрон ялах ажээ.   

Марин Ле Пен өнгөрсөн долоо хоногт Москвад ирж, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзан, Төрийн Думд зочилсон байна. Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков хэлэхдээ “уулзалтын явцад Ле Пений намыг санхүүжүүлэх асуудлыг огт хэлэлцээгүй, Орос улс болж буй үйл явдалд /Францын Ерөнхийлөгчийн сонгууль/ хөндлөнгөөс хэзээ ч оролцохгүй” гэлээ.

Ле Пен бол Оросын талыг илт баримталдаг улстөрч бөгөөд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг хэдэнтээ уриалж байсан юм.

Х.Сарнай  

 

 

Связанные новости