Б.Чойжилсүрэн: Төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг  буюу 40 хувьд олгохоор тусгасан

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-03-27 16:19:02

Улаанбаатар/МОНЦАМЭ/.Сангийн яам 2017 оны төсвийн тодотголыг өнгөрөгч баасан гарагт УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээс дараах хариултыг авлаа.

- Монгол Улс эдийн засгийг төрөлжүүлэх асуудлыг цаасан дээр хэрэгжүүлсээр 20 гаруй жилийг үдлээ. “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлснээр эдийн засгаа солонгоруулна гэж ойлгож болох уу?

-Эдийн засаг хүндрэлтэй энэ үед  валютын хомсдлын дарамтаас эхлээд эрсдэл үүсэх магадлал өндөр юм. Тиймээс Монгол Улс эхний ээлжинд эдийн засгийн бүтцээ өөрчлөх шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засгаа солонгоруулах шаардлагатай нүүр тулж байна гэсэн үг. Засгийн газраас уул уурхайгаас гадна бусад салбаруудаа жигд явуулж, экспортыг нэмэх цогц бодлогыг  хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд  Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн холбооноос 20 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авахаар боллоо. Дээрх зээлээр 4.5 жилийн хугацаатай “Экспортыг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх бөгөөд жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, экспортыг нэмнэ. Уг  төсөл  хоёр үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхний ээлжинд экспортын шинэ санхүүгийн бүтээгдэхүүнийг хөгжүүлж, уул уурхайн бус салбарын ЖДҮ эрхлэгчдийг экспортын даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангана. Хоёрдугаарт экспортын өрсөлдөөнийг сайжруулах замаар гадаад худалдааны чиглэлээр сургалт, судалгаа хийх юм.  Тиймээс аж ахуйн нэгжүүдийн экспортлохоор зорьж буй ямар ч бүтээгдэхүүнийг бид дэмжинэ гэсэн үг. Бизнес эрхлэгчдийг Хөгжлийн банк, шинээр байгуулах Хөдөө аж ахуйн давхар даатгалын корпораци дээр экспорт хийж болох бүх төсөл, судалгааг төвлөрүүлж, хэрэгцээ боломжийг эхний ээлжинд  судалья гэж тооцсон. Мөн  бизнесийнхэнд экспортын талаар  зөвлөнө.

-Манай улс Солонгос, Турк улсаас хөнгөлөлттэй зээл авсан гэсэн. Уг зээлийг ямар салбарт юунд зарцуулах вэ?

-Монгол Улс хөдөө аж ахуйн салбарын дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхээс илүүтэй гадаад зах зээл дээр байр сууриа бэхжүүлэх төвөгтэй ажлыг эхлүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна. Тиймээс экспортыг төрөлжүүлэхэд түлхэц үзүүлэхээр Солонгосын Эксим банкнаас  500 сая ам.долларын зээл авсан. Үүнийг хөдөө аж ахуйн салбарт, жижиг дунд үйлдвэрт зарцуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн Бүгд найрамдах Турк улсаас 300 орчим сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар тохирч, хөдөө аж ахуйн салбарт зориулахаар төлөвлөсөн.

-Сангийн яам өнгөрсөн баасан гарагт 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барилаа. Тодотголд төсвийн алдагдлын хувь хэмжээг өсгөжээ. Энэ нь ямар учиртай вэ?

-2017 оны одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар бол төсвийн алдагдлыг  9.1 хувьтай батлуулсан. Энэ удаа Олон улсын валютын сантай тохирсон нөхцлөөр төсвийн алдагдлыг 10.6 хувь болгож нэмсэн. Ийнхүү нэмэх болсон шалтгаан нь ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хөтөлбөрийг  Монгол банкнаас санхүүжүүлж буйг Засгийн газарт шилжүүлэхийг Олон улсын валютын сангаас зөвлөсөнтэй холбоотой.Өөрөөр хэлбэл үндсэн төлбөрөөс орж ирж буй хүүгийн төлбөр болох 111 тэрбум  төгрөгийг төсөвт төвлөрүүлж зарлага талд нь бүртгэж байгаа учраас 10.6 хувьтай болж буй хэрэг юм. Нөгөөтэйгүүр Монгол Улс Олон улсын валютын сантай төсвийн алдагдлыг үе шаттай бууруулахаар тохирсон. Өөрөөр хэлбэл төсвийг огцом хумихгүй. Тухайлбал өнгөрсөн жилийн төсвийн алдагдал ДНБ-ийн 15.3 хувьтай тэнцсэн учир  9.6 хувиар тооцсон. Төсвийн тодотголыг өргөн барьсан гол өөрчлөлтүүдэд долоон төрлийн татвар нэмэх, зардлаа танах 8 арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн тодотголд 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг  ДНБ-ийн 23.1 хувьд хүргэхээр тооцсон. УИХ төсвийг эцэслэн батлах онцгой бүрэн эрхтэй учир Засгийн газрын өргөн барьсан төсвийн тодотголын хувилбарыг дэмжинэ гэж найдаж байгаа.

-Эдийн засаг саарсан энэ үед татвар нэмэх асуудлыг хувийн хэвшлийнхэн таагүй хүлээн авч байгаа.  Яг ямар албан татварыг нэмэхээр тусгав?

 - Олон Улсын валютын сантай тохирсон урьдчилсан нөхцлүүдийг тусгасан. Тухайлбал долоон төрлийн татварыг нэмэгдүүлэхээр тусгалаа. Тодруулбал архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар,  Автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, Суудлын автомашины онцгой албан татвар, Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох, Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах, Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авах юм.

-Төсвийн зарлагыг нэмэгдүүлэх нөлөөлөл бүхий шинээр батлагдсан зарим хуулийг буцаан өөрчлөх зэрэг арга хэмжээг авахаар төлөвлөжээ. Яг ямар хуулийг буцаахаар болов?

-Цэргийн албан хаагчийн эрх зүйн тухай хууль  оны дараахан батлагдсан. Энэ хуулийн зарим заалтуудад төсвийн зардлыг жилдээ 50 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхийг тусгасан. Цэргийн албан хаагчийг төрөөс орон сууцаар хангаж чадахгүй бол орон сууцны түрээсийн төлбөрийг төр хариуцна гэх мэт заалт орсныг 2017, 2018 оны төсвийн байдлаас хамааран буцаахаас өөр аргагүйд хүрлээ.

-Төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох бөгөөд  ирээдүйд нөхөн олгохгүй хэмээн тусгажээ. Тэгэхээр 2019 оноос үлдсэн 40 хувьд хүүхдийн мөнгийг  өгнө гэснийг өөрчилсөн гэж ойлгож болох уу?

-  2017 онд хүчин төгөлдөр байгаа хуулиар хүүхдийн мөнгийг 2019 оноос 40 хувьд нь нөхөж олгоно. Харин 60 хувьд нь банкуудаар дамжуулан  олгоно гэсэн  шийдвэр гарсныг сая Олон улсын валютын сангийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг  тохиролцох явцад урьдчилсан нөхцлөөр хүүхдийн мөнгийг 60 хувиас бууруулан зорилтот бүлэг  буюу 40 хувьд олгохоор болж байна. Тодруулбал 60 хувьд олгож байсан мөнгийг 40 хувь болгохоор 20 хувийн хэмнэлт гарна гэж үзсэн. Энэ 20 хувийг 40 хувийн хүүхдүүдэд хүнсний талон хэлбэрээр нэмж олгохыг хэлэлцээрт тусгасан. Өөрөөр хэлбэл ОУВС-гаас эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн зорилтот бүлэгт анхаарал хандуулах бодлого баримтлахыг зөвлөсөн.

- Төрийн албан хаагчийг цомхотгохоос зайлсхийж, харин одоо авч буй цалингийн хэмжээг 2017-2018 он дуустал хэвээр хадгалах, чөлөөлсөн албан хаагчийн орон тоонд нөхөн томилгоо хийхийг түр хугацаанд хязгаарлахаар тодотголд тусгажээ. Энэ тухайд?

- Олон нийтийн дунд төрийн албан хаагчдын тоо нэмэгдсээр байна гэх шүүмжлэл байдаг. 2012 оны эхэн үед  төрийн албан хаагчдын тоо 140 мянга байсан. Тэгвэл 2016 оны дунд үед 180 мянга давчихсан байна. Дөрвөн жилийн дотор 40 мянгаар нэмэгдчихээд байна. ОУВС-гаас төрийн албан хаагчдын тоог 20 хувиар цомхотго гэсэн хатуу нөхцөл тулгасан. Харин хэлэлцээрийн явцад эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсийг ажилгүй болгох нь хүнд юм. Тийм учраас тэтгэвэрт гарсан хүмүүсийн оронд хүн томилохгүй байя. Боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн албанд  хоёр хүн тэтгэвэрт гарвал нэгийг нөхөн томилоё гэсэн хувилбар дээр тогтсон.

- Засгийн газраас “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд ОУВС донор  байгууллагууд болох  Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас 3.3 тэрбум ам. долларын санхүүжилтын баталгааг гаргуулах шаардлага тавьсан. Энэ  асуудал юу болсон бэ?

-Энэ асуудлыг урьдчилсан нөхцөл байдлаар тохирсон. Олон улсын валютын сангийн хөтөлбөр батлагдсан тохиолдолд эдгээр хоёр талын донор байгууллага улсуудтай гэрээгээ нарийвчлан тогтооно.

 -ОУВС-гийн хэлэлцээрийн хүрээнд нийгмийн халамжийн хөтөлбөрийг нэгтгэх  асуудлыг хөндсөн гэсэн. Энэ тухайд?

- Ний нуугүй хэлэхэд нийгмийн халамж бол зарим нэг хэсэг бүлэг дээр давхцаад байгаа. Тиймээс оновчтой зөв бүлгийг  олж зохицуулалт хийхээр тохиролцсон.

-Төсвийн тодотголыг хэзээ хэлэлцэх вэ?

-Дөрөвдүгээр сарын 5-нд УИХ хаврын чуулганы эхний хэлэлцэх  асуудлаар төсвийн тодотголыг оруулна.

 Б.Заяа

 

 

 

 

 

Связанные новости