Шуурганд төөрсөн 91 иргэнийг эсэн мэнд олжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар / МОНЦАМЭ/. Энэ сарын 21-24-ний өдөр ихээр орсон цас, цасан шуурганы улмаас зам боогдож Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Увс зэрэг аймагт Засаг даргын захирамжаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан. ОБЕГ болон орон нутгийн онцгой байдлынхан шуурхай сайн ажиллаж, олон хүний амь аварсан байна.
11 аймгийн 40 суманд 54 удаагийн дуудлагаар сураггүй болсон 98 иргэнээс 91-ийг нь эсэн мэнд олж, 5 иргэнийг эрэн хайж, цасанд суусан 50 автомашин 332 зорчигчид тусламж үйлчилгээ үзүүлж, нийт 423 иргэний амь нас, эрүүл мэндийг авран хамгааллаа гэж ОБЕГ-аас мэдээлэв. Эдгээр өдрүүдэд Эрэн хайх, аврах ажиллагаанд төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын 154 албан хаагч, 31 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 375 албан хаагч, иргэн, 72 автомашин, автозам арчлалтын компанийн 96 ажилтан, 36 автомашин, 58 машин механизм, нийт 625 хүн, 197 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэсэн байна.
Ж.Батсайхан