Абэгийн эхнэрийг шалгахыг Японы сөрөг хүчнийхэн шаардаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-03-24 14:55:32

ТОКИО. /ТАСС/. Японы Ардчилсан нам болон Коммунист нам зэрэг сөрөг хүчний дөрвөн нам тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн эхнэр Акиэ Абэг улс төрийн дуулианы бай болоод байгаа "Моритомо гакуэн" гэдэг үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллагатай холбоотой хэргээр парламентад мэдүүлэг өгөхийг шаарджээ.

Намуудын удирдлага өнгөрсөн баасан гарагт болсон уулзалтын үеэр ийм шийдвэр гаргасан байна. Тэд Ерөнхий сайдын эхнэрээс гадна Осака мужийн дарга Итиро Мацуиг парламентад ирж мэдүүлэг өгөхийг шаардсан байна.

Пүрэв гарагт парламентад болсон асуулга байцаалтын үеэр "Моритомо гакуэн" байгууллагын тэргүүн Ясүнори Кагоикэ Ерөнхий сайдын эхнэрээс хандив авсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр хэлэхдээ "Акиэ надад “Ерөнхий сайдаас шүү” гэж хэлээд нэг сая орчим иен өгсөн" гэсэн байна. Мөн "Акиэ миний амыг хамхих гэж оролдсон бөгөөд үүнийг цахим шуудангаар харилцсан захидлууд нотолно” гэж Кагоикэ хэлжээ.

Харин Японы Засгийн газар "Ерөнхий сайд эхнэрээрээ дамжуулан "Моритомо гакуэн" байгууллагад мөнгө өгсөн" гэх мэдээллийг няцаасан байна. Өнөөдөр Абэ хэлэхдээ “Кагоикэгийн амыг хамхих ямар ч оролдлого хийгээгүй бөгөөд бүхий л захидал харилцааг ил болгох хэрэгтэй” гэлээ.

Дуулиан дэгдэх болсон шалтгааныг дурдвал, "Моритомо гакуэн" байгууллага Осака мужийн Тоёнака хотод 8770 хав.дөр.м талбайтай газрыг 134 сая иен буюу 1,18 сая доллароор худалдан авсан байна. Энэ нь уг газрын үнэлгээг 956 сая иенээр тогтоосон атал дээрх байгууллага 7 дахин хямд үнээр худалдан авсан гэсэн үг юм. Гэрээнд зааснаар "Моритомо гакуэн" уг газрыг 10 жилийн турш түрээслэхээр болжээ. Гэтэл газар дор асар их хэмжээний хог хаягдал байсан ба түүнийг устган зайлуулахад дор хаяж 800 сая иений зардал гарна гэж тооцоолоод үнийг 7 дахин хямдруулсан аж. Энэ дуулианд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ ч холбогджээ. Учир нь, түүний эхнэр Акиэ Абэ шинээр барих сургуулийн хүндэт захирал болох ёстой байсан боловч хожим нь энэ саналаас татгалзсан байна. Харин Шинзо Абэ өөрийгөө "Моритомо гакуэн"-тэй холбоотой гэдгийг эрс үгүйсгэн няцааж байгаа юм.

Б.Мишээл

 

 

Связанные новости