Мах нийлүүлэхээ зогсоохыг Бразилд уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-03-24 11:24:23

МОСКВА./TASS/. Европын Холбооны /ЕХ/ гишүүн орнуудад мах нийлүүлэхээ сайн дураараа түр зогсоохыг тус холбооны удирдлага Бразилд хандан хүссэн боловч Бразилын Засгийн газар татгалзсан хариу өгчээ. Энэ тухай баасан гарагт “Reuters“ агентлаг ЕХ-ны дипломат эх сурвалжийг иш татан мэдээллээ.

Тус агентлагийн мэдээлснээр, ЕХ-ны төлөөлөгчид Бразилын махны үйлдвэрүүдэд гарсан зөрчлүүдийн талаарх мэдээллийг нягтлахаар ажиллаж байгаа ба "Бразилын Засгийн газар уг асуудлыг шийдвэрлэх чадваргүй" гэж шүүмжилжээ.

Бразилд хугацаа нь дууссан мах борлуулсан гэх хэрэгт холбогдуулан 30 албан тушаалтныг ажлаас нь халж, мах боловсруулах гурван үйлдвэрийг хаажээ. Бусад 20 үйлдвэрийг шалгаж байгаа аж.

Мөрдөн шалгалтын мэдээллээс үзвэл, JBS болон BRF гэсэн хоёр том компанийн менежерүүд эрүүл ахуйн байцаагчдад хахууль өгч, чанарын баталгааны гэрчилгээ авч байсан байна.

Бразилын Холбооны цагдаагийн газар хугацаа нь дууссан мах борлуулсан 40 гаруй тохиолдлыг илрүүлэн шалгаж байгаа аж. Мах үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнийхээ чанарыг сайн гэж харагдуулахын тулд химийн бодисууд ашиглаж байжээ.

JBS болон BRF компанийн удирдлага мах муудсан тохиолдол гарсныг үгүйсгээгүй боловч хэрэглэгчдийг хууран мэхлэх ажиллагаа явуулж байсан гэдгийг эрс няцааж, өөрсдийнх нь боловсруулсан мах чанарын шаардлагыг хангаж байгаа гэдгийг дурдсан байна.

Энэ дуулианы улмаас хэд хэдэн орон Бразилаас мах худалдан авахаас түр татгалзаад байгаа юм. Чили болон Мексик улс Бразилын махыг импортлохыг түр хориглосон бол Хятад мах ачсан чингэлгүүдийг буулгахыг түр зогсоожээ. Бразилын махыг импортлохоос ЕХ, Япон, Канад, ӨАБНУ түр татгалзаад байна.

Бразилын Хөдөө аж ахуй, мал аж ахуй, хангамжийн сайд Блайру Мажжи-гийн үзэж байгаагаар, хугацаа нь дууссан махтай холбоотой дуулианаас болж тус улсад 1,5 тэрбум долларын хохирол учирч магадгүй ажээ.

О.Барс

 

 

 

Связанные новости