Геологичид хэтийн зорилтоо тодорхойлохоор чуулж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/.Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар “Монголын геологи, хайгуул-2017” чуулга уулзалтыг ес дэх жилдээ болж байна.
Уул уурхайн салбарын томоохон байгууллага, олон улсын холбоод, гадаадын хөрөнгө оруулагчид болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөгчид дээрх уулзалтад оролцов.
Тус чуулга уулзалтаар хоёр өдрийн турш Геологийн салбарт ажилладаг инженер техникийн ажилтнууд, эрдэмтэд, геологичид санал бодлоо солилцон ирээдүй хэтийн зорилтоо тодорхойлж, зөвлөмж гаргах аж.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны дэд сайд Д.Загджав уулзалтыг нээж хэлэхдээ, “Энэхүү чуулга уулзалтын зорилго нь Монголын геологичдын хөдөлмөрийн үр шимийг нийтэд таниулж, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэн, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татахад чиглэж байна” гэв.
Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга М.Энхжаргал ярихдаа, “Геологи, уул уурхайн салбарын судалгаа, хайгуулын ажил эрчимтэй өрнөж байна. 2017 онд улсын төсвөөс геологийн суурь судалгаа явуулахад 9.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ хүрээнд 15 судалгааны ажил өрнөж байна. Уул уурхайн салбарт өмнөх онтой харьцуулбал хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Одоогоор Монгол Улсын газар нутгийн 8.1 хувьд лиценз олгоод буй бөгөөд үүнийг 2020 он гэхэд 20.6 хувьд хүргэх төлөв бий. Уул уурхайн салбарын улсын төсөвт оруулах хувь нэмэр энэ онд нэмэгдэж байгаа. Энэ жил улсын төсөвт 13.3 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцсон. Ашигт малтмал, газрын тосны салбарын хэмжээнд улсын төсөвт төвлөрүүлэх орлого шат дараалалтай явдаг. Нэгдүгээр улирлын байдлаар төлөвлөгөө биелсэн. Нөгөөтэйгүүр уул уурхайн салбарын хууль эрх зүй, татварын орчин шинэчлэгдсэн учир орлого нэмэгдэнэ гэж тооцоолж байна” гэв.
Дашрамд дурдахад, УУХҮЯ-наас хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэ журмын дагуу олгохоор бэлтгэж байгаа аж. Шинэ журмаар хайгуулын төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч тусгай зөвшөөрөл олгож, гадаад болон дотоод компаниуд бүгд өргөдөл өгөх боломжтой болох юм.
М.Аминаа