Малчдад туслах сайн санааны аян үргэлжилсээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-03-21 14:36:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын санаачлагаар өрнөж буй "Малчдад туслах сайн санааны аян”  үргэлжилсээр байна.

 Одоогийн байдлаар 9 аймгийн 26 сумын малчдад 260 тонн тэжээлийг тээвэрлэн орон нутагт нь ажлын хэсгийн төлөөлөл хүргээд байгаа аж.  Малчдад туслах аянд 100 гаруй  аж ахуйн нэгж байгууллага нэгдэж, 300 гаруй сая төгрөгийн эд материал болон бэлэн мөнгөний хандив тусламж үзүүлжээ. Дээрх аяны хүрээнд хамгийн сүүлд буюу энэ сарын 15-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэн сум орон нутагт тусламж хүргүүлсэн байна.

 Тодруулбал Булган аймгийн Рашаант, Архангай аймгийн Хайрхан сумын малчдад тус бүр 10 тонн  малын тэжээл, айл өрхөд ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний тусламжийг олгожээ. Булган аймгийн Рашаант сум 3165 хүн амтай, 653 малчин өрхтэй.  2017 оны хавар 92325 хээлтэгч мал сүргээс төл хүлээн авна гэсэн урьдчилсан дүн байна. Одоогийн  байдлаар 1361 төл хүлээн авчээ.

Харин Архангай аймгийн Хайрхан сум 2016 оны мал тооллогоор 326972 толгой мал тоолуулжээ. Тус суманд 18 удаагийн цас оролтоор талдаа 9-12 см, хунгарласан газраа цасны зузаан 50-60 см байна.  Отрын бүс нутагт 65 өрхийн 39750 толгой мал өвөлжиж хавартай золгожээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас өвөлжилт хүндэрсэн 13 аймгийн 36 сумын 3500 малчин өрхөд нийт 1.1 сая ам. долларын тусламж үзүүлэхээр төлөвлөжээ.  Энэ хүрээнд  200-аас доош толгой малтай өрхөд тусламж үзүүлж буй аж.

 Б.Заяа

Связанные новости