Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГЭрчим хүчний зохицуулах хороо болон Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагаас Ногоон хөгжил, эрчим хүчний чиглэлд хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
Талууд эрчим хүчний хэмнэлтийн 2017-2020 оны үндэсний хөтөлбөрийг боловсруулах, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих урамшуулал бий болгох зэрэг ажлыг хамтран хийх юм байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан ярихдаа, “2015 онд Монгол Улсын эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Дэлхийн улс орнууд байгаль орчноо хамгаалах, дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд эрчим хүчээ аль болох хэмнэх болсон. Манай улс ч мөн адил энэ жишгийг дагана. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхийн тулд хэмнэлтийн менежер, аудиторуудыг сургаж бэлтгэсэн. Хуулийн хүрээнд эрчим хүчний үндэсний хөтөлбөрийг боловсруулахын тулд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай хамтран ажиллахаар болж байна. Эрчим хүчний аудит хийх талаар манай оронд туршлага бага. Манай улс жилдээ дунджаар зургаан тэрбум килобайт цахилгаан хэрэглэдэг. Цахилгааны хэрэглээгээ 15 хувиар багасгахад жилдээ 120 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Манайд эрчим хүчний олон янзын тариф бий. Жишээлбэл өглөө, өдрийн цахилгаан 140 төгрөг байхад, оройн тариф 170 төгрөг, шөнийнх үүнээс хоёр дахин хямд өртөгтэй. Энэ мэтчилэн эрчим хүчний үнэ тарифыг мэдсэнээр иргэд хэмнэлт хийж болно. Цаашдаа хэрэглээгээ багасган эдийн засгийн хэмнэлт хийх талаар иргэдэд ойлголт өгөхөд анхаарч ажиллана. Энэ жил бүрэн дунд сургуулийн сурагчдад эрчим хүчний хэмнэлтийн талаар сургалт явуулахаар бэлтгэж байна. Мөн энэ талаар богино хэмжээний кино хийж байгаа” гэв.
М.Аминаа