Өмнөд Солонгосын шүүх Пакийн хувь заяаг өнөөдөр шийднэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРСӨҮЛ. /NHK/. Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүх Ерөнхийлөгч Пак Гын Хэг огцруулах эсэхийг баасан гарагт шийднэ.
Пакийн дотны найз Чой Сүн Шил болон бусад хүмүүстэй холбоотой дуулиант хэргээс үүдэн тус улсын парламент Пакийг албан тушаалаас нь огцруулах эсэх асуудлаарх санал хураалтыг өнгөрсөн оны 12 дугаар сард явуулсан билээ.
Одоогоор Пакийг Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас нь түр хугацаагаар чөлөөлөөд байгаа юм. Үндсэн хуулийн шүүх 8 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд 6 ба түүнээс дээш тооны шүүгч огцруулах санал гаргавал Пак Гын Хэ нэн даруй огцорч, 60 хоногийн дотор Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явагдана.
Хэрэв Пак уг хэргээс болж Ерөнхийлөгчийн суудлаасаа огцорвол энэ нь тус улсын түүхэн дэх анхны тохиолдол болох юм.
Хэрэв 3 ба түүнээс дээш тооны шүүгч татгалзсан тохиолдолд огцруулах асуудлыг хэрэгсэхгүй болгож, Пак Гын Хэ Ерөнхийлөгчийн албыг үргэлжлүүлэн хаших боломжтой болно. Гэхдээ хэрэгсэхгүй болголоо ч гэсэн сөрөг хүчнийхэн түүнийг огцрохыг шаардсаар байх төлөвтэй байна. Тиймээс тэрбээр ирэх оны 2 дугаар сар хүртэл албан ажлаа үргэлжлүүлэн хаших эсэх нь тодорхойгүй байгаа юм.
Хамгийн сүүлд явуулсан санал асуулгад оролцогчдын 70 гаруй хувь нь Пакийг огцруулахыг дэмжжээ. Харин консерватив үзэлтнүүд уг асуудлыг эсэргүүцэж, шүүхээс татгалзсан шийдвэр гаргахыг уриалж томоохон хэмжээний жагсаал хийсэн байна.
Ямар ч шийдвэр гарсан байлаа гэсэн талуудын хооронд мөргөлдөөн үүсч магадгүй байгаа учраас цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ.
Х.Сарнай