АНУ-ын Дотоод хэргийн шинэ сайд ажилдаа морь унан иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-03 13:26:36

МОСКВА. /TASS/. Лхагва гарагт тангараг өргөн албан тушаалдаа орсон АНУ-ын Дотоод хэргийн шинэ сайд Райан Зинке пүрэв гарагийн өглөө ковбой малгай өмсч, морь унан ажилдаа иржээ. Тэрбээр ковбой төрхтэй гэрэл зургаа twitter хуудсандаа байршуулсан байна.

“Цагдаагийн эрэлхэг офицеруудтай зэрэгцэн зогсох нь миний хувьд нэр төрийн хэрэг. Ажил мэргэжилдээ гаршсан эдгээр хүмүүс бидний төлөө амь насаа өгч чадна” гэж ноён Зинке гэрэл зургийнхаа дор тайлбарлан бичжээ.

Hill сонинд дүгнэн бичсэнээр, шинэ сайдын энэхүү үйлдэл нь консерватив байр суурь баримтална гэдгээ харуулж байгаа хэрэг ажээ. Ноён Зинке ан гөрөө хийх, загасчлах мөн идэвхтэй амрах дуртай нэгэн бөгөөд тэрбээр урьд нь АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний тусгай хүчний /Navy SEAL/ ангид алба хааж байжээ.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд ноён Зинке Конгрессын доод танхимд Монтана муж улсаас сонгогдсон цорын ганц гишүүн байсан бөгөөд түүнийг хуучинсаг үзэлтэн гэж дүгнэдэг. Лхагва гарагт АНУ-ын Конгрессын Сенат олонхийн саналаар Зинкег АНУ-ын Дотоод хэргийн сайдаар томилсон ба тэр өдөртөө багтан шинэ сайд тангараг өргөжээ.

АНУ-ын Дотоод хэргийн яам нь хүчний байгууллага биш бөгөөд холбооны газар ашиглалт, байгалийн нөөцийн олборлолтын асуудлыг эрхэлдэг байна. Үүнээс гадна тус яам Америкийн индианчууд, Аляск болон Хавайн арлын уугуул оршин суугчидтай холбоотой асуудлуудыг хариуцдаг ажээ.

О.Барс

 

 

Связанные новости