Роботууд шавьжнаас хурдан гүйнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНЖЕНЕВ. /TASS/. Швейцарийн эрдэмтэд тэгшхэн гадаргуу дээгүүр шавьжнаас хурдан гүйж чаддаг зургаан хөлт роботыг зохион бүтээжээ. Хурдан гүйдгийн хамаг учир нь “явалтдаа” байгаа аж. Шавьж гүйх үедээ гурван хөлөөрөө нэгэн зэрэг газар тулдаг ба энэ нь хоёр хөлөөрөө тулж явахаас удаан байдаг байна.
Зургаан хөлт роботыг зөвхөн хоёр хөл дээрээ тулж явж сургаснаар Лозанна хотын их сургууль болон политехникийн дээд сургуулийн мэргэжилтнүүд шавьжнаас илүү хурдан гүйдэг роботтой болжээ.
Роботыг илүү хурдан гүйлгэх аргыг олох ажил Лозаннад олон жилийн турш үргэлжилсэн байна. Ихэнх сээр нуруутан амьтад хурдан гүйх үедээ газарт шүргэх цэгээ аль болохоор цөөн байлгадаг байна. Энэхүү зарчимд үндэслэн роботыг хийжээ. Мөн шавьжнуудад, тухайлбал шинжлэх ухаанд сайн танигдсан жимсний ялаанд /Drosophila melanogaster/ ажиглалт хийж үзэхэд, уг ялаа гурван хөл дээрээ тулан гүйдэг нь ямар ч эргэлзээгүй батлагджээ. Өөрөөр хэлбэл байгалийн хувьслын явцад явах энэ арга нь хамгаас илүү оновчтой болсон хэрэг. “Яагаад шавьж гурван хөл дээрээ тулан гүйгээд байдгийн учрыг бид олж мэдэхийг хүссэн төдийгүй ингэж гурван хөлөөр тулан гүйх нь хамгийн оновчтой арга мөн үү гэдгийг судалсан” гэж судалгааны удирдагчдын нэг Раван Рамдиа ярьж байна.
Эрдэмтэд хувьслын явцыг нь загварчилж, роботын гүйлтийн хамгийн удаан, оновчгүй хувилбаруудыг нь хасчээ. Үүний дүнд гурван хөлөөр тулан гүйх нь шавьжны хөл зөвхөн наалдамхай байгаа тохиолдолд оновчтой байдаг, мөн гурван хэмжээст орон зайд хэвтээ болон босоо гадаргуу дээгүүр урагшаа болон хажуугаараа гүйх, мөн толгойгоо уруу харуулан гүйх нь хамгийн амар хялбар бөгөөд оновчтой байдаг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Харин “наалдамхай бус хөлтэй бол” хавтгай гадаргуу дээгүүр зөвхөн хоёр хөлөөр тулан гүйх нь хамгийн хурдан байдаг байна. Эрдэмтэд жимсний ялаанд наалдамхай хөлөө ашиглах боломжийг нь хааж, полимер “ботинк” өмсүүлэхэд уг ялаа нэг хэсэг хугацааны дараагаар “явалтаа” өөрчлөн хоёр хөлөөрөө газар тулан гүйх болжээ.
“Гурван хөлөөрөө тулан гүйх арга нь гурван хэмжээст орчин болон хөл нь наалдамхай чанартай байдгийн нөлөө юм гэсэн биологчдын таамгийг баталлаа” гэж Рамдиа онцлон тэмдэглэжээ. Ийм учраас зургаан хөлт роботын хувьд шавьжны явалтыг дууриах ямар ч шаардлага байхгүй болсон. Энэхүү онол дараа нь практик дээр батлагдсан. Мэргэжилтнүүд зургаан хөлт робот хоёрыг бүтээгээд тэр хоёрынхоо нэгийг нь гурван хөлөөрөө тулан гүйдэг, нөгөөг нь хоёр хөлөөрөө тулан гүйдэг байхаар программчилжээ. Ингэхэд хоёр хөлөөрөө тулан гүйдэг робот нь нөгөөгөөсөө илүү хурдан шаламгай байв.
Лозаннагийн мэргэжилтнүүдийн судалгаа нь биологийн ухаан ба робот техникийн харилцан уялдаанд томоохон дэвшил авчирлаа. “Роботуудыг зохион бүтээхдээ байгалиас санаа авсан байдаг ба биологчид зарим төрөл зүйлийн амьтдын байр байдлыг ойлгож мэдэхийн тулд роботыг ашигладаг. Бидний энэ судалгаа нь дээрх хоёр салбарт хуримтлагдсан мэдлэгт тус дөхөм болсон гэж бид үзэж байна” хэмээн роботыг зохион бүтээгчдийн нэг болох Робин Тандьякал ярилаа.
О.Барс