Багахангай дүүрэг 3 тэрбум 409.4 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-02-21 14:00:48

Нийслэлийн Багахангай дүүрэгт энэ онд нийт 3 тэрбум 409.4 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөснийг тус дүүргийн Засаг дарга С.Эрдэнэбаяр мэдээлэв.

Тухайлбал, Аврах гал унтраах 80 дугаар ангийн депогийн  барилга, цэвэр, бохир усны шугам сүлжээ, усан сан, насосны станц, цэвэрлэх байгууламжийн өргөтгөл шинэчлэлд улсын төсвөөс 1 тэрбум 703.8 сая төгрөг зарцуулах аж. Мөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн 40 ортой эмнэлгийн барилга, дулааны шугам сүлжээ солих болон орон сууцны хороолол дундах автозамуудыг шинэчлэхэд зориулж нийслэлийн төсвөөс 1 тэрбум 554.6 сая төгрөг гаргах юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, гэр хорооллын агаарын шугам солих зэрэг ажилд зарцуулах 151 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сан, дүүргээс гаргахаар төлөвлөжээ.

Мөн тэрбээр энэ онд нийгэм, урлаг соёлын чиглэлээр зохион байгуулах үйл ажиллагаагаа танилцуулав. Багахангай дүүрэг жил бүр үндэсний өв соёлоо сурталчлан таниулах “Монгол гоёлын өдөр”, “Багахангайн марафон” зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулдаг байна. Мөн дүүргийн иргэдээ сар шинийн баяраар "Архи хэрэглэдэггүй, тамхи бэлэглэдэггүй” байхыг уриалав.

Э.Энэрэл

Связанные новости