НҮБ: Өмнөд Судан өлсгөлөнд нэрвэгдээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2017-02-21 12:22:29

НҮБ. /ВВС/. Зүүн Африкийн Өмнөд Судан улсын зарим хэсэгт хүмүүс өлсгөлөнд нэрвэгдээд байна гэж НҮБ мэдэгдлээ. Хүмүүс өлсгөлөнд нэрвэгдээд байгаа тухай НҮБ сүүлийн зургаан жилийн хугацаанд анх удаагаа албан ёсоор зарласан нь энэ юм.

Өмнөд Суданы Засгийн газар болон НҮБ-ын мэдэгдсэнээр, тус улсад 100 мянган хүн өлсч үхэх эрсдэлд орж, нэг сая гаруй хүн өлсч үхэхийн ирмэгт ирээд байна.

Иргэний дайн болон эдийн засгийн уналт давхацсанаар тус улсад хүмүүс өлсч үхэхэд хүрээд байгаа юм.

Йемен, Сомали, Нигери улсын зүүн хойд мужуудад мөн хүмүүс олноороо өлсч үхэх эрсдэл бий болоод байна гэж НҮБ анхаарууллаа.

Өмнөд Суданы Юнити мужийн оршин суугчид өлсгөлөнд нэрвэгдээд байна. Хэрвээ яаралтай тусламж үзүүлэхгүй бол хямрал газар авч болзошгүй  гэж хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд анхаарууллаа.

Тусламжийн агентлагууд, тэдгээрийн дотор Дэлхийн Хүнсний хөтөлбөр болон НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдэгдсэнээр, Өмнөд Суданы хүн амын 40 гаруй хувь буюу 4.9 сая хүнд хүнсний яаралтай тусламж үзүүлэх хэрэгтэй байна.

Ямар үед “өлсгөлөнд нэрвэгдсэн” гэж зарладаг вэ?

НҮБ-ын хүмүүнлэгийн хэм хэмжүүрт дурдсанаар, хүнсний хомсдлын улмаас олон тооны хүн шим тэжээлийн дутагдалд ордог боловч ийм тохиолдол бүрт тухайн улс орныг “өлсгөлөнд нэрвэгдсэн” гэж албан ёсоор зарладаггүй аж.

Тухайн улс орны нийт айл өрхийн наад зах нь 20 хувь нь хүнсний хомсдолд орох, хоол  тэжээлийн дутагдалд орсон хүмүүсийн тоо нийт хүн амын 30 хувиас давах, өдөрт 10 мянган хүн тутмаас хоёр нь хоол тэжээлийн дутагдлын улмаас нас барсан зэрэг тохиолдолд тухайн улс орныг “өлсгөлөнд нэрвэгдсэн” гэж албан ёсоор зарладаг байна.

Өлсгөлөнд нэрвэгдсэнийг зарласан нь НҮБ болон тус байгууллагын гишүүн улс орнууд тухайн улс оронд заавал туслах ёстой гэж үүрэг ногдуулж буй хэрэг биш, харин энэ асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой юм.

Суданаас тусгаар тогтнохын тулд хийсэн дайны үед буюу 1998 онд Өмнөд Судан мөн өлсгөлөнд нэрвэгдэж байжээ.

Г.Доржханд

 

 

Связанные новости