Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй болгохыг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ"Эрдэнэс Тавантолгойн хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг"-ийн Удирдах зөвлөлийн гишүүдээс тус компанийн үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчдэд нээлттэй болгохыг шаардаж байгаагаа илэрхийлж, өнөөдөр "Монгол ньюс" хэвлэлийн төвд мэдээлэл хийв.
Тэд нэгдүгээрт хувьцаа эзэмшигчдийг бүртгэх, дараа нь Японы Засгийн газрын дэмжлэгээр Тавантолгойн нүүрсний уурхайгаас Улаанбаатар хүртэл 600 км ган төмөр хоолой татаж нүүрс олборлолтоос ялгарах 60 сая тонн метаны хийг боловсруулах төсөлд оролцохоос татгалзсан шалтгаанаа тайлбарлахыг компанийн удирдлагуудаас шаардав.
Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Г.Батбаяр, "Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд хувьцаа эзэмшигчээр бүртгүүлээгүй тохиолдолд ноогдол ашиг авах боломжгүй. Гэтэл иргэн бүр хувьцаа эзэмшигч хэмээн худал хэлж, хэсэг бүлэг албан тушаалтан ард иргэдийг луйвардаж байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан хууль бусаар хөрөнгөжих, албан тушаалаа урвуулан ашиглах гэсэн үндэслэлээр АТГ, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст тус байгууллагын үйл ажиллагааг шалгуулах хүсэлт тавина. Мөн Японы Засгийн газраас хэрэгжүүлэх метаны хийг ашиглах төслөөс татгалзаж энэхүү ажлыг хятадын хувийн компанид хариуцуулахаар хуйвалдаж байгааг гэмт хэргийн шинжтэй гэж үзээд Иргэний шүүхэд хандах гэж байна" гэв.
Тэд энэ үеэр хэлэхдээ тус компанийн зөвхөн нүүрсний ордоос гэхэд Монгол Улсын иргэн бүр 30 сая ам.доллар буюу ойролцоогоор 70 тэрбум төгрөгийн хувь хүртэх ёстой. Тиймээс Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт нэгдэж, нэг хүнд ноогдох 70 тэрбум төгрөгийнхөө төлөө тэмцэхийг уриаллаа.
Б.Гаваа