ГССҮТ-д түлэгдсэн шалтгаанаар нас барагсдын 70,3 хувь нь 0-5 насны хүүхэд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДӨнөөдөр ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат ГССҮТ-ийн Түлэнхий тасагт ажиллаж, тус тасагт шаардлагатай амьсгалын аппаратыг хүлээлгэн өгөв.
Тэрбээр, Өнгөрөгч сарын 15-нээс энэ сарын 28-ныг хүртэл болж буй "Хүүхдийн түлэгдэл-эцэг эхийн хариуцлагаас" аяны хүрээнд тус тасгийн ажил байдалтай танилцаж байгаа аж.
Энэ тасагт ирж буй өвчтөнүүдийн түлэгдлийн 98,4 хувь ахуйн нөхцөлд, үүний 82,3 хувь нь монгол гэрт халуун тогоо болон бусад эрсдлээс тохиолддог бөгөөд үүнээс 19 орчим хувь нь баасан гарагт болж байна. Мөн өглөө, оройн хоол хийх үеэр ихэвчлэн бага нас /0-5/-ны хүүхэд түлэгддэг гэсэн судалгаа байна. Энэ нь өмнөд хөршид үйлдвэрлэсэн халуун тогооны балаг юм. /Уг тогооны залгуур маш богинохон юм./
ГССҮТ-д түлэгдсэн шалтгаанаар нас барагсдын 70,3 хувь нь 0-5 насны хүүхэд байна. Тэдний 77 хувь нь халуун хоол, цай, үлдсэн нь халуун усанд түлэгдсэн /үүний 35 хувь нь халуун тогоонд хийсэн/ бөгөөд хүүхдүүд биеийн хэсгийн III зэргийн түлэгдэлт оноштой байна. Иймд Сар шинийн баяр ойртсон энэ өдрүүдэд бага насны хүүхдээ уг аюулаас сэрэмжлэн хамгаалахыг эцэг эхчүүдэд сануулан анхааруулахыг Хэвлэл мэдээллийнхэнд ЭМЯ болон мэргэжлийн байгууллагуудаас хүсч байгааг Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат онцолж байв.
ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайхан "Түлэнхийн тасаг өнөөдөр 80 ортой, үүнээс эрчимт эмчилгээний нийт 12 орноос сэхээн амьдруулахын 4 ортой үйл ажиллагаа явуулж байна.
Түлэнхийн тасгаас эмчилгээ хийлгээд эдгэж гарсан хүүхэд, насанд хүрэгчид дараагийн эмчилгээ буюу түлэгдэлтийн сорвийг нь суллах, хөдөлгөөнтэй үений хэсгүүдэд дахиж арьсаар нөхөлт хийх зэрэг мэс засал хийх шаардлагатай байдаг. Ийм шат дараалсан эмчилгээ хийх боломжийн хувьд байр сав хангалтгүй байдаг. Гэхдээ бид яаралтай, шаардлагатай эмчилгээг тухай бүр нь хийж байгаа. Манай улсын хувьд 400 ортой Түлэнхийн төв эмнэлэгтэй байхад хангалттай үйлчилгээ үзүүлээд байх боломжтой. Шинээр барьж буй Түлэнхийн төвийн хувьд ашиглалтад орох хугацаа нь тодорхойгүй байна. Барилгын ажил эхэлсэн одоогоор түр зогссон. Дулаарангуут ажил үргэлжилнэ” гэв.
Түлэнхийн тасгаар жилдээ 4000, сард 70-80 хүн үйлчлүүлдэг бөгөөд уг тасагт анагаах ухааны магистр /20/ болон мэргэшсэн, өндөр ур чадвартай 15 их эмч, 22 сувилагч ажилладаг. Иргэдийн ялангуяа бага насны хүүхдийн түлэгдэлтийн гол шалтгаан нь хувь хүний хариуцлагагүй байдлаас ихээхэн хамааралтай байдаг хэмээн эмч, мэргэжилтнүүд хэлж байна.
Д.Өлзий