Пхеньяны эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ авахыг НҮБ уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-14 10:07:04

НҮБ. /Kyodo/. Умард Солонгос өнгөрсөн ням гарагийн өглөө баллистик пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүн орнуудын төлөөлөгчид  өчигдөр хуралдлаа.

Умард Солонгосын баруун хойд нутгийн Умард Пёнган аймгаас харвасан пуужин 500 орчим км зам туулаад Япон тэнгист унасан гэж албаны хүмүүс мэдэгдсэн билээ.

Япон, АНУ болон Өмнөд Солонгосын хүсэлтээр АЗ хуралдсан юм. Пхеньян пуужин харвасан нь АЗ-ийн тогтоолуудыг илт зөрчсөн хэрэг тус гурван улс үзэж байна.

Пуужин харвасныг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш зэмлэн буруушаахын сацуу Пхеньяны эсрэг нэгдсэн хариу арга хэмжээ авахыг олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.

НҮБ хориг арга хэмжээний хүрээнд Умард Солонгосоос нүүрс импортлохыг хориглосон хэдий ч Пхеньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, туршилт хийсээр байна.

Умард Солонгостой нягт харилцаатай БНХАУ болон бусад улс орон нэгдсэн хариу арга хэмжээ авахад нэгдэх эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

 

Связанные новости