“Хүүхдийн клиник сувилал 41”-ийн өргөтгөлийн нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДӨнөөдөр Сонгинохайрхан дүүргийн “Хүүхдийн клиник сувилал 41” нь нэмэлт 120 хүүхдийн ортой өргөтгөлийн байраа албан ёсоор нээлээ.
Уг клиник сувилал өмнө нь 80 хүүхдийн ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан юм. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн клиник сувилал гурав байдгаас нэг нь Сонгинохайрхан дүүрэг дэх “Хүүхдийн клиник сувилал 41” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Уг сувилал нь дүүргийн 32 хорооны Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдгаараа бусад цэцэрлэг яслиас онцлог ялгаатай.
Тус сувилалыг өргөтгөснөөр СХД-ийн архаг суурь өвчтэй хүүхдүүд мэргэжлийн хүмүүсийн хараа хяналтад байж, эрүүл зөв хоолоор хооллож, жингийн алдагдал, цус багадалт, сульдаа зэргээс салах таатай нөхцөл бүрдлээ.
СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Хүүхдийн клиник сувилал 41”-ийн өргөтгөлийн байрны нээлтэд оролцож “Өргөтгөлийн ажил хийхээс өмнө клиник сувилалд хүүхэд эмчлүүлэхэд барилгын багтаамж нь хүрэлцэхгүй зэрэг үүсэх асуудал их байлаа. Харин одоо уг асуудал цэгцэрч эерэгээр шийдэгдсэнд баяртай байна” хэмээн онцолж байв.
Д.Өлзий