Иргэний нийгмийнхэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсныг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭӨнгөрсөн долоо хоногийн баасан гарагт УИХ-ын чуулганаар “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд дэмжиж буйгаа илэрхийлэв.
Дээрх шийдвэрийг Тусгаар Монголын төлөө нэгдэл, Баялгийн жинхэнэ эзэд хөдөлгөөн, Шударга иргэдийн фронт, Хамаг Монгол хөдөлгөөн, Эх орончдын нэгдсэн нам дэмжиж Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат ярихдаа,“УИХ-ын чуулганаар “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр гарсан нь Монгол Улсад шударга ёсыг тогтоох том алхам боллоо. Эрдэнэт үйлдвэр нь байгуулагдсан цагаасаа хойш Монголын ард түмнийг тэжээж ирсэн. Гэтэл тус үйлдвэрийг хэдхэн хүн хуулийг уландаа гишгэн өөрсдийн мэдэлд авсан. Энэ луйвар Төрийн дээд өндөрлөгөөс эхлэн, Нийслэлийн прокурор хүртэл шударга бус хонгил хэрхэн үүссэнийг ард түмэнд харууллаа. Үүнтэй адил “Оюу толгой”-н гэрээн дээр гарсан луйврыг бид одоо ч мартаагүй. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг УИХ-д мэдэгдэлгүй “Дубай”-д гэрээ хийж Оюу толгойн ногдол ашиг авах хугацааг 2037 он хүртэл 13 жилээр ухраасан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг шийдсэнтэй адил Оюу толгойн гэрээг одоо авч үзэх цаг нь болсон. Мөн “Эрдэнэт”-ийн луйврыг хийсэн хүмүүс хуулийн хариуцлага хүлээх ёстой" гэв.
Хамаг Монгол хөдөлгөөний дарга Ц.Шинэбаяр,“Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авах саналыг 49 гишүүн дэмжиж, 12 гишүүн эсрэг санал өгсөн. Эсрэг санал өгсөн гишүүдийг дурдвал Ардчилсан намын 8 гишүүнээс гадна, МАН-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Ч.Хүрэлбаатараас гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нар байсан. Эдгээр гишүүд хулгай луйврыг дэмжиж буйд харамсч байна. Одоо яаралтай УИХ-ын гарсан тогтоолыг хэрэгжүүлж, бүтэн долоон сарын турш энэ асуудлыг санаатай сунжруулсан хүмүүст хариуцлага тооцох л үлдлээ” хэмээн ярив
М.Аминаа