Афганистан руу цэрэг нэмж илгээхийг АНУ-ын командлагч уриаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-11 08:25:15

КАБУЛ. /Reuters/. Лалын босогчдын “Талибан” хөдөлгөөнтэй тэмцэхийн тулд хүн хүчийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж Афганистан дахь АНУ тэргүүтэй олон улсын хүчнийхний командлагч мэдэгдлээ.

Генерал Жон Николсон өчигдөр Сенатын танхимын Зэвсэгт хүчин хариуцсан хороонд Афганистаны нөхцөл байдлыг тайлагнажээ.

Николсоны хэлснээр, өнгөрсөн онд “Талибан”-ы босогчид халдлага үйлдэх нь нэмэгдсэнээр Афганистаны Засгийн газар өөрийн хяналтаа тогтоогоод байсан газар нутгийнхаа 15 орчим хувийг алдсан байна.

Одоо Афганистанд олон улсын 13 мянга орчим цэрэг байрлаж байна.

Афганистаны аюулгүй байдлыг хангаж, хэв журмыг сахиулах үүрэг хариуцлагыг тус улсын дотоодын хүчнийхэнд шилжүүлэхийн тулд тэдэнд зориулан бэлтгэл сургалт явуулж, зөвлөгөө өгч, туслахад хүн хүч дутагдалтай байгаа учир цэрэг нэмж илгээх шаардлагатай байна гэж генерал хэлжээ.

Афганистаны нөхцөл байдлыг тогтвортой болгох талаар ямар бодлого баримтлахаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хараахан мэдэгдээгүй байгаа юм.

Цэрэг нэмж илгээх тухай хүсэлтийг Д.Трамп хүлээж авах эсэх нь ажиглагчдын анхаарлыг татаж байна.

Г.Доржханд

Связанные новости