MRI-г зохион бүтээсэн эрдэмтэн 83 насандаа өөд болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНМОСКВА./TASS/. Соронзон резонанст томограф буюу MRI-г зохион бүтээгчдийн нэг болох Британийн физикч, Нобелийн шагналтан Питер Мэнсфилд пүрэв гарагт 83 насандаа өөд болжээ. Энэ тухай “BBC" мэдээлэв.
“Гарамгай сайн эрдэмтэн, салбартаа байнга шинэ нээлт хийгч тэрбээр бидний хувьд үнэнч хайртай эр нөхөр, эцэг, өвөө байсан юм. Питер Мэнсфилд бидэнд үүрд үгүйлэгдэх болно” гэж Мэнсфилдийн гэр бүлийн мэдэгдсэнийг ВВС уламжиллаа.
Судлаач эрдэмтэн П.Мэнсфилд 1964 онд Ноттингемийн их сургуулийн профессор болсон бөгөөд тус сургуульд 30 жил багшилжээ. 2003 онд MRI-г зохион бүтээж, анагаах ухааны салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн түүнд Нобелийн шагнал олгожээ.
О.Барс