“Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд 107 тэнэмэл иргэн бүртгэлтэй болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлийн Нийгмийн халамжийн газраас зохион байгуулж буй “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт 6 сая төгрөгийн санхүүжилт төсөвлөжээ. Сонгинохайрхан дүүргийн нийгмийн халамжийн ажилтнууд дээрх хөтөлбөрийн хүрээнд 107 тэнэмэл амьдралтай иргэнийг илрүүлж бүртгэлжүүлжээ. Мөн зорилтот бүлгийн 25 өрхийг өөрийн гэсэн газар, гэртэй болгож, 2 удаагийн арга хэмжээгээр 60 иргэн, 15 хүүхдийг бичиг баримтжуулан давхардсан тоогоор нийт 287 иргэнд үйлчилгээ үзүүлсэн байна
“Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлж, төлөвшүүлэх зорилготой тус хөтөлбөрөөр дамжуулан тэдний нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэх юм. Өнөөдөр архи дарсанд орсон нэгэн маргааш архинаас гарч, ажил хөдөлмөр эрхлэн ар гэрээ авч яваа олон сайхан жишээ бий. Нөгөөтэйгүүр эцэг, эх нь хүүхэддээ, үр хүүхэд нь хөгшин настай аав, ээждээ хайхрамжгүй хандах тохиолдол гарах боллоо. Үүнд зөвхөн халамжлахын хажуугаар давхар хариуцлагын асуудлыг ярих ёстой” хэмээн нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр ярив.