МҮОНРТ эрүүл мэндийн салбарын мэдээ мэдээллийг иргэдэд хүргэх гүүр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДЭрүүл мэндийн салбарын сургалт сурталчилгааны чиглэлээр ЭМЯ, МҮОНРТ хамтран ажиллахаар өнөөдөр Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Аливаа улс орны үнэт баялаг нь хүн бөгөөд түүний эрүүл мэндэд “хөрөнгө оруулна” гэдэг нь боловсролд хөрөнгө оруулж байгаатай адил улс орны эдийн засгийн өсөлтөд хандив оруулж байна гэсэн үг юм. Хүний эрүүл мэндэд нөлөөлөгч хүчин зүйлсийг 100 хувь гэж үзвэл 55-60 хувь нь тухайн хүний боловсрол, зан үйл, амьдралын хэвшлээс, 25 хувь нь бусад салбарын эрүүл мэндэд чиглэсэн үйл ажиллагаа буюу салбар дундын хамтын ажиллагаанаас, 10 хувь нь эрүүл мэндийн байгууллага, ажилтнаас, 5 хувь нь удамшлын болон төрөлхийн хүчин зүйлээс тус тус шалтгаалдаг болохыг ДЭМБ-аас тогтоосон байна.
Харилцан ойлголцлын санамж бичиг нь хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийг өргөн ашиглаж хувь хүн өөрийнхөө төдийгүй өөрийн үр хүүхэд, гэр бүлийнхнийхээ эрүүл мэндэд тавих анхаарал халамжийг нэмэгдүүлэх, эрүүл амьдрах хэв маягийг хэвшүүлэхэд чиглэсэн эрүүл мэндийн сургалт, сурталчилгааг нийт ард иргэдэд тодорхой давтамжтайгаар, тасралтгүй, хүргэж иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байна.
Энэхүү үйл ажиллагаанд ЭМЯ-ыг төлөөлж Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Б.Цогтбаатар, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийг төлөөлж Монголын мэдээ сувгийн захирал Ч.Батцэнгэл нар байлцав гэж ЭМЯ-наас мэдээллээ.