Эмнэлгийн эмийн сангуудыг хоёр талын үйлчилгээтэй болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2017-02-08 13:35:05

Өнөөдөр ЭМЯ-ны Мэдээллийн төвийн А танхимд “Эмнэлгийн эмийн санг хоёр талын үйлчилгээтэй болгох, эмийн зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” төслийн хэлэлцүүлэг, уулзалт  болов.

Уг төслийн зорилго нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэд боломжийн үнэтэй, чанартай эмээр үйлчлэхэд оршиж байгаа юм. Энэхүү хэлэлцүүлэг, уулзалтад оролцож байгаа Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Эм зүйн албаны дарга С.Уянгатай уулзаж ярилцлаа.

-Энэ хэлэлцүүлгийн ач холбогдлын талаар та юу хэлэх вэ?

-“Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нэг хэлбэр нь эмнэлгийн эмийн санг хоёр талын үйлчилгээтэй болгох төслийг хэрэгжүүлэхээр уулзалт хэлэлцүүлэг өрнүүлж байна.

Үүгээр бид антибиотек эмийн зохистой хэрэглээ болон эмчийн жор бичилт төлөвшинө. Эмийн зохистой хэрэглээ сайжирна. Эмч, эм зүйч, үйлчлүүлэгч гурвын хамтын харилцаа сайжирч, эмийн зүй зохистой хэрэглээ төлөвшиж, зөв дадал бий болоход дэвшил гарна. Одоо эмнэлгүүд ерөнхийдөө нэг талын үйлчилгээтэй буюу зөвхөн хэвтэж эмчлүүлэгчийн эмийн зохистой хэрэглээг хариуцдаг. Харин нөгөө талын үйлчилгээ нь хувийн хэвшлийнхэн бөгөөд амбулториор эмчлүүлэгчдэд эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь чухал юм. Эмнэлгүүдэд үйл ажиллагаа явуулдаг түрээсийн эмийн сангууд нь эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үүрэг хүлээж ажилладаг.  Иймд бид хоёр талдаа үүнийг хэрэгжүүлэн төлөвшүүлэх зорилт дэвшүүлж байгаа.

-Нэг эмнэлэгт хэдэн эмийн сан байх ёстой, энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн гарах бол?

-Эмнэлгийнхээ цар хүрээ, шатлал болон үйлчлүүлэгчийн тооноос хамаарч эмийн сангийн тоо янз бүр байдаг. “Эмнэлгийг хоёр талын үйлчилгээтэй болгох, эмийн зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх” уг төслийг олон улсын зөвлөх удирдаж байгаа. Олон улсад болон манайд уг ажил яаж хэрэгжиж байгааг харьцуулж аль зам нь зүй зохистой болохыг энэ хэлэлцүүлгээр эцсийн үр дүнг гаргаж тодорхойлох юм. Эмнэлэг зөвхөн эмчлүүлэгчээ хариуцах бус амбулториор үйлчлүүлэгчийн эмийн зүй зохистой хэрэглээг хамт хариуцаж хоёр талт үйлчилгээг үзүүлэх зорилготой.

Д.Өлзий

Связанные новости