"Оюутолгой" ХХК цахилгаан дамжуулах дэд бүтцийг төрийн мэдэлд шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-19 13:52:38

“Оюу толгой” ХХК ЭХЯ-тай “Оюу толгой” уурхайн цогцолбороос Монгол Улс болон БНХАУ-ын хил хүртэл 96 км үргэлжилсэн цахилгаан дамжуулах агаарын шугамыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн өмчлөлд шилжүүлэх, ашиглалт засвар үйлчилгээг хариуцах  гэрээ байгууллаа.

Гэрээнд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Занданхүү, “Оюу толгой” ХХК-ийн Санхүү хариуцсан захирал Стив Дугган нар гарын үсэг зурав.

“Оюу толгой” ХХК өөрийн санхүүжилтээр дээрх ажлыг гүйцэтгэсэн юм. Тодруулбал Өмнөговь аймгаас БНХАУ-ын хил хүртэлх өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам 96 км урттай, хоёр хэлхээт 220 кВт-ын өндөр хүчдэлийн шугамыг 2011 онд барьсан бөгөөд 2012 оны 7 дугаар сараас ашиглаж эхэлжээ. Өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд цахилгаан дамжуулах шугам 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллаж, найдвартай байдал нь 99.8 хувьд хүрчээ. Ингэснээр өмнийн бүсийн хэрэглэгчид найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдохоос гадна Монгол Улс, БНХАУ-ыг холбосон шугамтай болсноор давуу талтай юм.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт ярихдаа, “Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт чухал өдөр тохиож байна. Уг шугамыг шилжүүлэн авснаар эрчим хүчний сүлжээ найдвартай, өндөр чанартай дэд бүтцээр хөрш орны эрчим хүчний сүлжээнд холбогдож, дотоодын эрчим хүчний найдвартай байдлыг хангахын сацуу урт хугацаанд цахилгаан эрчим хүч экспортлогч орон болох зорилтыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Өнгөрсөн онд байгуулсан “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-ний дагуу цаашид бид “Оюу толгой” компанитай хамтран Өмнийн говийн хэрэглэгчдийг эрчим хүчний найдвартай сүлжээнд холбох стратеги бодит ажил хэрэг болох нөхцөл бүрдэж байна.” гэлээ.

Б.Заяа

Связанные новости