Хоршоо томорсноор эдийн засагт хүч сэлбэж, үндэсний баялгийг бүтээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-02-01 17:33:39

Улсын хэмжээнд эдийн засгийн идэвхтэй хүн амын таван хувь нь  хоршооны үр ашгийг хүртэж байгааг “Үндэсний хоршоологчдын V чуулган”-аар онцоллоо.

Хоршоодын бизнесийн хөгжлийн гарц” сэдэвт  чуулганыг ХХААХҮЯ, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо  хамтран  зохион байгуулсан юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн “Үндэсний хоршоологчдын V чуулган”-ыг нээж хэлэхдээ, “Манай улсад зах зээлийн үеийн хоршооллын хөдөлгөөн өмнөх тогтолцооны үеэс  өөрчлөгдөн, иргэдийн  хэрэгцээнд тулгуурлан сайн дурын үндсэн дээр сүүлийн 20 жил эрчимтэй хөгжиж ирлээ. Хөрөнгө, хөдөлмөрөөрөө хоршиж, хамтран үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нь бүтээмжийг өсгөх, баялаг бүтээх, ажлын байр нэмэгдүүлэх, хомсдлыг даван туулах зэргээр нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

 Төр засгаас хоршооллыг олон улсын  зарчимд нийцүүлэн хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, гадны байгууллагын зээл тусламж, төсөл хөтөлбөрүүдийг хоршоодод чиглүүлэх бодлого баримталж ирсэн. Хүн ам цөөтэй, зах зээлийн багтаамж багатай, өргөн уудам газар нутагтай хөгжиж буй орны хувьд богино хугацаанд боломжийн зардлаар олон ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, үр ашигтай сонгомол арга бол хоршоог хөгжүүлэх явдал юм. Иймд Засгийн газраас хоршоо, хоршоог дэмжигч байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх замаар тэдгээрийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх зорилгоор  “Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-II”-ийг боловсруулж, батлан хэрэгжүүлж байна. Хоршоодын үйл ажиллагааны давуу талыг ашиглан жижиг, дунд үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд дээрх хөтөлбөр чиглэж буй юм. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хоршооллын салбарын эрх зүй, нийгэм, эдийн засгийн таатай орчин бүрдэж, ажил эрхлэлтийн түвшин өсч, хоршооны гишүүдийн орлого, амьдралын түвшин дээшилнэ. Мөн хоршооны хөгжлийг эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжсэнээр хоршоод болон гишүүдийн тоо өсч,салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ борлуулалт нэмэгдэх замаар дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ өснө. Хоршоо томорсноор эдийн засагт хүч сэлбэж, үндэсний баялгийг бүтээнэ” гэлээ.

Улсын хэмжээнд нийт 4200 гаруй хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа аж. Үүний дийлэнх нь хөдөө орон нутаг буюу алслагдмал аймагт үйл ажиллагаагаа явуулж буй юм. 2008 онтой харьцуулбал  өнгөрсөн жилийн эцсийн дүнгээр хоршоод болон гишүүдийн тоо өсчээ. Мөн зах зээлийн жамаар жижиг хоршоод нэгдэн томрох хандлага байгааг салбарын тодотгов.

Эдийн засгийг түргэтгэх, амьжиргааны тогтвортой орлоготой болох, богино хугацаанд бага зардлаар ажлын байрыг бий болгоход хоршоо чухал үүрэгтэй гэдэгт төлөөлөгчид санал нэг длээ.

Б.Заяа

 Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости