Төвбанк орон нутгийн иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГТөвбанк 2017 оныг орон нутаг дахь хэлтэс, салбарыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах жил болгон зарлалаа.
Энэ хүрээнд бүсчилсэн болон хэсэгчилсэн сургалтуудыг зохион байгуулах юм байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн таван шинэчлэлийн хүрээнд хэрэгжиж буй энэхүү санаачилга өнгөрсөн сараас хэрэгжиж эхэлсэн байна.
Тодруулбал Монголбанкны төвийн ажлын хэсэг нэгдүгээр сарын 23-27-нд Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж, Монголбанкны хэлтэс, салбарын ажилтай танилцахаас гадна орон нутгийн байгууллага, иргэдтэй уулзалт хийжээ. Энэ үеэрээ төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл, Төв банкны үйл ажиллагаа, хууль эрхзүй, 2016 оны эдийн засгийн статистик тоон үзүүлэлт, Төв банкны олон нийттэй харилцах харилцаа, олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр, түүний хэрэгжилтийн талаар сургалт явуулсан байна.
Иргэд, албан байгууллагууд, оюутан, сурагчид, сэтгүүлчидтэй хийсэн уулзалтаар “Төв банкны үйл ажиллагаа”, “Олон нийттэй харилцах харилцаа”, “Олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн талаар мэдээлэл өгчээ. Мөн арилжааны банкуудын ажилтнуудад “Активыг ангилах, активын эрсдлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын танилцуулсан байна.
Уулзалтын үр дүнд орон нутгийн иргэдээс тавьсан хүсэлтийн дагуу цаашид сургалт явуулах, мэдээ мэдээлэл өгөх, хамтын ажиллагааг тогтмолжуулахаар болжээ.
Монголбанкнаас дээрх сургалтыг орон нутагт сар бүр зохион байгуулах бөгөөд дараагийн уулзалт энэ сард Орхон, Дархан-Уул, Хөвсгөл аймагт болох юм.
Б.Заяа