Шинэ хууль хэрэгжсэнээр НӨАТ-ын орлого 70 тэрбумаар нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭЦуглуулсан НӨАТ-ын баримтаа ebarimt.mn-д бүртгүүлдэг цаасан хувилбарыг халж, NFC картаар сольсноор иргэдийн цаг завыг хэмнэнэ хэмээн НӨАТУС-ын төслийн захирал Р.Отгонтулга онцолж байна.
Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клуб “НӨАТ-ын шинэ хууль эдийн засагт ямар нөлөө үзүүлсэн бэ?” гэдэгт хариулт авахаар Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг, Сангийн яамны төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн У.Мөнхзул, НӨАТУС-ын төслийн захирал Р.Отгонтулга, ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн их сургуулийн санхүүгийн тэнхмийн эрхлэгч Д.Далхжав, “Ган хийц” ХХК-ийн захирал М.Даваасүрэн нарыг урьж хэлэлцүүлэг зохион байгууллаа.
NFC картын технологийг Монгол инженерүүд нэвтрүүлэхээр ажиллаж буй бөгөөд иргэд худалдан авалт бүрийн мэдээллээ шивж оруулдаг системээс ангижирч картаа уншуулснаар бүртгэлд хамрах хялбаршуулсан хувилбарыг удахгүй ашиглах юм байна.
НӨАТ-ын тухай хууль 2015 оны долдугаар сарын 8-нд баталж, 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд худалдан авалт бүртээ баримт авч, цахим системд бүртгүүлснээр буцаан олголт авах боломж бүрдсэн юм.
Ийнхүү нэг жилийн хугацаанд хэрэгжсэн НӨАТ-ын хууль 2015 оны НӨАТ-аас 70 тэрбум төгрөгөөр давж эдийн засагт өгөөжөө өгснийг Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг онцолсон юм. Тодруулбал өнгөрсөн онд Татварын алба 1 их наяд 565.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Үүний 35 хувь буюу 555,2 тэрбум НӨАТ-ын орлого бөгөөд жилийн хугацаанд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар 63 183 компани НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн бөгөөд 37532 цэг дээр НӨАТ-ын буцаан авалтын баримтыг хэвлэж буй аж. Харин 38800 бизнес эрхлэгч кассын машиныг хэрэглэж хэвшжээ. Өнгөрсөн онд нийт 621 538 хэрэглэгчээс 169 473 иргэн азтан болсон байна. Мөн ирэх гуравдугаар сарын 31-нээс өмнө 620 мянга гаруй иргэнд 35 тэрбум төгрөгийн буцаан олголт олгох юм. Үүний 18 тэрбум буюу 50 хувийг цагаан сараас өмнө олгохоор төлөвлөсөн ч 140 мянган иргэний мэдээлэл бүрэн баталгаажаагүйгээс болж хойшилж болзошгүй байгааг албаныхан тодотгов. Тиймээс иргэн бүр мэдээллээ бүрэн баталгаажуулж идэвхтэй оролцох хэрэгтэй болж байна.
Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг:
-Өмнө нь 10 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой байвал НӨАТ төлдөг байлаа. Энэ хэмжээг шинэ хуулиар 50 сая төгрөг болгож нэмэгдүүлсэн. НӨАТ-ын хуулиар урамшууллын тогтолцоо бий болгосноор татвар төлөгч, худалдан авагч авсан барааныхаа төлбөрийн баримтаар сугалаанд оролцохоос гадна НӨАТ-ын 20 хувийг буцаан авах боломж бүрдсэн. Цахим төлөлтийн “ebarimt” системийг нэвтрүүлснээр худалдан авалтыг бүртгэлийн машин буюу кассын машинаар иргэн Дорж худалдан авсан баримтаа бүртгүүлэхэд түүний үйлчлүүлсэн дэлгүүрийн борлуулалт ил болсон. Ингэснээр иргэн, ААН-ийн худалдан авалтыг харьцуулж харах боломж бүрдсэн юм. Үүнтэй холбоотой иргэдэд сая төгрөгийн цалинтай хүн 3 сая төгрөгийн худалдан авалт хийвэл асуудал гарах вий гэсэн болгоомжлол үүссэн. Үүнд санаа зовох зүйлгүй. Тухайн хүн ах дүү нарынхаа баримтыг цуглуулан, бүртгүүлсэн байж болно. Тиймээс хувь хүний албан татварыг бид шалгахгүй. Хамгийн гол нь худалдаа үйлчилгээний байгууллагын борлуулалтын орлого 50 сая төгрөгт хүрч байна уу, НӨАТ төлөгч болсон уу, орлого нь жилээс жилд өсч байна уу гэдгийг хянах зорилготой. Цаашид Татварын багц хуульд оруулах өөрчлөлтөд хөнгөлөлт, чөлөөлөлтийн хамрах хүрээг хумих бодлого баримтална. Ингэхдээ НӨАТ-ын босгыг халахгүй. Харин босгыг 100-200 сая төгрөг болгон өсгөх боломж байгааг эсэхийг судална.
НӨАТУС-ын төслийн захирал Р.Отгонтулга:
- Мэдээж хэрэг шинэ зүйл нэвтрүүлэхэд алдаа, оноо гарна. Гэхдээ алдаандаа суурилан сайжруулах арга замыг хайх нь чухал юм. Манай төслийн нэгжээс NFC картын системийг нэвтрүүлснээр иргэн бүр хуулийн дагуу буцаан олголтыг бүрэн гүйцэт авах боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд бүрэн хамрагдахаас гадна үнийн дүн зөрүүтэй гэсэн асуудал үүсэхгүй.Мөн Гааль, татвар, санхүү мэдээлэл технологийн төв байгуулж мэдээллийг нэгтгэх боломжийг бүрдүүлнэ. Анх НӨАТ-ын төслийн нэгж байгуулахад 40 мянган цэг бий болно гэж тооцоолж байсан. Энэ тоо 37 мянгад хүрсэн нь сайшаалтай. Бид хоёр хувийн буцаан олголтын автомажуулалтыг сайжруулах болон мэдээлэл нь баталгаажсан иргэдэд буцаан олголтыг цахим бүртгэлийн дансных нь дагуу шилжүүлэхээр бэлтгэлээ базааж байна.
“Ган хийц” компанийн захирал М.Даваасүрэн:
-Би нэг зүйл дээр санал зөрдөг. Өнөөдөр төрийн үйлдвэрийн аж ахуйн газруудыг НӨАТ-аас чөлөөлснийг эсэргүүцдэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол бүгд жигд татвар төлөх ёстой. НӨАТ-ын тухай хуулийг дэмждэг ч хэрэгжүүлэхдээ төр, хувийн хэвшлээр нь ялгаж болохгүй юм. Үүнийгээ эргэн харж жигд болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл төрийн өмчит газруудыг НӨАТ төлдөг болгоё гэж уриалъя.
Хөдөө аж ахуйн их сургуулийн Эдийн засгийн бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхмийн эрхлэгч Д.Далхжав:
- НӨАТ-ын хуулинд 40 орчим удаа өөрчлөлт орсны хамгийн сүүлийн хувилбарыг эдийн засагт өгөөжтэй болсон гэдгийг судлаачид дүгнэдэг. Миний хувьд НӨАТ төлөгчөөр бүртгэх босгыг 50 сая болгож тогтоосон нь далд эдийн засгийг хөөрөгдсөн гэж үздэг. Үнэндээ ЖДҮ эрхлэгчид болон бизнесийнхэн НӨАТ төлөх сонирхолгүй шүү дээ. Аль болох 50 сая төгрөгөөс доош орлогын тайлан гаргадаг. Тэгэхээр эргэж энэ босгыг хармаар байгаа юм. Мөн иргэдийн татварын талаарх мэдлэгийг сайжруулахад төр анхаарах хэрэгтэй. Бидний явуулсан судалгаанд оролцогсдын 60 гаруй хувь нь татвар төлөх л ёстой гэсэн ойлголтоос хэтрэхгүй байна. Тиймээс татварын талаарх мэдлэгийн хүрээг тэлж, тухайн иргэн, ААН НӨАТ гэж юу вэ?, би татвар төлснөөр эдийн засагт ямар хувь нэмэр оруулах вэ гэдгээ ухамсарласнаар татвар төлөлт нэмэгдэнэ.
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр