“Мандал женерал даатгал” ХХК-ийн оноосон нэрийг “Мандал даатгал” болгон өөрчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-16 18:05:30

   Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ оны анхны хуралдаанаа хийж 30 орчим асуудлыг шийдвэрлэсэн байна.

Тодруулбал банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөг байх шаардлагыг хангасан “Номин гүнж”, “Начин заан финанс” ХХК-иудад банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ.  Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулахаар хүсэлт ирүүлсэн хадгаламж, зээлийн хоршоодод тусгай зөвшөөрөл олгож, заримынх нь зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Тус хуралдаанаар хууль, холбогдох журмын шаардлага хангасан мэргэжлийн оролцогчдод даатгалын зуучлагчийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгосон бөгөөд “Мандал женерал даатгал” ХХК-ийн оноосон нэрийг компанийн харилцагчид, даатгуулагчдад хүндрэл учруулах, төөрөгдүүлэх болон бусад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж үзэн “Мандал даатгал” ХХК болгон өөрчилжээ. Түүнчлэн “Бат капитал менежмент” ХХК-д үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн чиглэлээр ажиллахыг зөвшөөрчээ. Ингэснээр тус компани гадаадаас хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын сан байгуулах эрхтэй болж байгаа юм.

СЗХ-ноос хууль тогтоомж, холбогдох журмаар олгосон эрхийнхээ хүрээнд хөдөө аж ахуйн биржид арилжааны зуучлал эрхлэх зөвшөөрөл авсан зарим доголдолтой компаниудад арга хэмжээ авахаар болсон байна.

Б.Заяа

Связанные новости