Энэтхэг улс алсын тусгалтай баллистик пуужин туршив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-27 10:09:39

ШИНЭ ДЕЛИ. /Kyodo/.  Өмнөд Азид Хятадын нөлөө нэмэгдэж байгаатай холбоотойгоор Энэтхэг улс алсын тусгалтай баллистик пуужин хөөргөн туршжээ.

Энэтхэгийн БХЯ-наас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улс Бенгалын булангийн нэгэн арлаас Энэтхэгийн далай руу чиглүүлэн “Agni-V” пуужинг амжилттай хөөргөсөн байна. Пуужин хаана туссаныг тус яам мэдэгдсэнгүй.

Энэтхэгт үйлдвэрлэсэн уг пуужин нь 5000 км-ийн тусгалтай аж. Өөрөөр хэлбэл, энэ пуужин Ази тивийн аль ч цэгт, түүнчлэн Орос болон Европын нутгийн зарим хэсэгт хүрнэ гэсэн үг юм. Мөн  уг баллистик пуужин цөмийн цэнэгт хошуу тээх боломжтой гэж Энэтхэгийн БХЯ мэдэгдлээ.

Энэтхэг улс 2012 оноос хойш дөрвөн удаа “Agni-V” баллистик пуужин хөөргөн туршаад байна.

Өмнөд Азид Хятадын нөлөө нэмэгдэж байгаа тул Шинэ Дели болгоомжилж байна гэж ажиглагчид үзэж байна. Энэтхэг улс энэ онд армийнхаа зэвсэглэлийг улам сайжруулжээ. Тухайлбал, тус улс Францаас орчин үеийн сөнөөгч онгоцууд худалдаж авсан аж. 

Энэтхэгийн далай дахь хамгийн чухал тэнгисийн зам болох Шри Ланкийн зарим боомтуудад Хятадын шумбагч онгоцууд нэвтэрч байгаа юм. Мөн Пакистаны нэгэн боомтыг ашиглах эрхийг Хятад улс авчээ.

Г.Доржханд

 

Связанные новости