Хууль зүйн яам 105 жилийн түүхээ дэлгэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
1911 оны 12 дугаар сарын 29-нд VIII Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, таван яамыг байгуулсны нэг нь Дотоод хэргийн бүгд захиран шийтгэгч яам байсан бөгөөд өнөөдрийн Монгол Улсын хууль зүйн албаны эх үүсгэл болжээ.
Түүхэн энэ тэмдэглэлт ойг тохиолдуулан өчигдөр Үндэсний түүхийн музейд тус салбарын түүхэн замналыг харуулсан 200 орчим үзмэртэй үзэсгэлэн нээв. Үүнд Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын сан хөмрөг дэх баримт бичиг, гэрэл зураг, ЦЕГ-ын музей, ХХЕГ-ын музейн биет үзмэр дэлгэгджээ. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Шүүн таслах хэргийг бүгд захиран шийтгэгч яамны тэргүүн сайдаар улсад туслагч гүнгийн зэрэг, засаг тэргүүн тайж М.Намсрайг томилсон Богд хааны зарлиг, 1913 онд Богд хааны зарлигаар батлагдсан Шүүх таслах хэргийг Бүгд захиран шийтгэгч яамны эрхлэн шийтгэх хэргүүд, 1921 оны хоёрдугаар сарын 22-нд сэргээн босгогдсон Автономит Гадаад Монгол Улсын төрийн яамдын тэргүүн, дэд сайдыг томилсон Богд хааны зарлиг гэх мэт олон сонирхолтой баримт, эх сурвалж, гэрэл зургуудыг толилуулж байна.
Ж.Батсайхан