Худалдааны салбар ДНБ-ийн 17 хувийг бүрдүүлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонгол Улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Ардын хувьсгал ялсны дараа Ардын харилцан туслалцах хоршоог 1921 оны 12 дугаар сард нийслэл хүрээнд үүсгэн байгуулж, өргөжүүлэн хөгжүүлсэн нь Монгол Улсад орчин цагийн хоршоо, худалдааны салбар үүссэн түүхтэй.
Монгол улсад Орчин үеийн үндэсний худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн баярын хүрээнд өчигдөр “Худалдаа эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлаа ярилцсан юм. Салбарынхан цаашид Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, худалдааны бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, хоршоологчдын идэвхи оролцоо, дэмжлэг чухал болохыг онцлов.
Монголын үндэсний худалдааны салбар 1950 оноос бусад улс орнуудтай гадаад худалдааг өргөжүүлэн хөгжүүлж, 1960-1970 онуудад олон тооны үндэсний аж үйлдвэрийн газрууд ашиглалтад орсноор жижиглэн худалдааны бараа гүйлгээнд орж, эх орны үйлдвэрийн өргөн хэрэглээний барааны эзлэх хувь хэмжээ 51,3 хувь хүртэл нэмэгдэж байжээ.
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр экспорт, импортын барааны бүтцэд ихээхэн өөрчлөлт орж, 1990 он гэхэд 27 оронтой гадаад худалдаа хийж байсан бол өнөөдөр 148 улс оронтой гадаад худалдаа хийж, олон улсын түвшинд хүрсэн худалдааны төв, супермаркетууд болон сүлжээ дэлгүүрүүд үйлчилгээ үзүүлэн, худалдааны салбар богино хугацаанд эрчтэй хөгжсөн хэмээн салбарынхан дүгнэж байна.
Худалдааны салбар нь өнөөдөр ДНБ-ийн 17 хувийг бүрдүүлж, нийт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийн 43 хувийг эзэлж, 200 гаруй мянган ажиллагсад тус салбарт ажиллаж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг хангах зорилгоор “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөр, “Мах, сүүний анхдугаар аян”-ыг тус тус эхлүүлж, “Атрын-III” аяныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм.
Б.Заяа