В.Путин дөрвөн арлын асуудалд хянуур болгоомжтой хандаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Kyodo/. Оросын бүрэлдэхүүнд байдаг боловч Япон улс өөрийн харьяаных гэж үздэг дөрвөн арлын асуудлаар Японтой хийх хэлэлцээний тухайд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин санаа бодлоо илэрхийллээ.
Энэ долоо хоногийн сүүлчээр Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй Дээд хэмжээний уулзалт хийхийнхээ өмнө буюу өчигдөр В.Путин Японы сэтгүүлчдэд ярилцлага өгчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар уг ярилцлагыг мягмар гарагт өөрийн цахим хуудсандаа тавьсан байна.
1956 оны хамтарсан тунхаглалын заалтуудыг чухалчилж байгаагаа уг ярилцлагын үеэр В.Путин онцлон тэмдэглэжээ. Дөрвөн арлын хоёрыг нь буюу Хабомай болон Шикотон арлыг энхийн гэрээ байгуулсны дараа Японд шилжүүлэн өгнө гэж уг тунхаг бичигт тусгасан байдаг аж. В.Путин хэлэхдээ “ЗХУ-ын парламент болон Японы парламент уг баримт бичгийг соёрхон баталсан” гэжээ.
Дөрвөн арлыг бүгдийг нь буцааж авах гэсэн Японы байр суурийг дээрх тунхаг бичгийн хязгаараас давсан асуудал гэж тэрбээр үзэж байна.
ОХУ-ын төрийн тэргүүн цааш нь ярихдаа “Манай улсын хувьд Японтой газар нутгийн маргаангүй гэж үздэг. Харин Япон улсын хувьд манай улстай газар нутгийн маргаантай гэж үздэг” гэж онцлон хэлжээ.
Японы Засгийн газар Хабомай, Шикотан, Кунашири болон Эторофү гэсэн дөрвөн арал буюу Курилын арлуудыг "Япон улсын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд эдгээр арлыг дэлхийн II дайны дараа Зөвлөлтийн цэргүүд хууль бусаар эзлэн авсан" гэж үздэг.
Г.Доржханд