Монгол Улсын эдийн засаг сэргэх нааштай төсөөлөл гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-12-13 16:09:23

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөл анхдугаар хуралдаанаа хийж, хөгжлийн бодлого зорилт, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа.

Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн энэ сарын 5-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар баталсан. Орон тооны бус уг Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд гишүүдэд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан юм.

Зөвлөлийн анхдугаар хуралдааны эхэнд хөгжлийн бодлого, зорилтын талаар Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр товч мэдээлэл хийв. Түүний мэдээлэлд "Манай улсын эдийн засгийн өсөлт уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ ханшаас ихээхэн хамааралтай байгааг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд анхааруулж байна. Шалтгаан нь олон улсын зах зээлд гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ ханш ихээхэн савлаж байгаатай холбоотой. Цаашдаа эдийн засгийг төрөлжүүлэхэд хөдөө аж ахуйн /ХАА/гаралтай бүтээгдэхүүний экспорт ихээхэн хувь нэмэр эзэлнэ гэж үзэж байна. Монгол Улсын эдийн засагт ХАА-н салбар ДНБ-ийн 15-16 хувийг эзэлж байгаа бөгөөд метал болон түүхий эдтэй харьцуулахад энэ салбарын бүтээгдэхүүн харьцангуй савлагаа бага.   

2004-2005 онд ХАА салбар Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр эзэлж байсан ч 2006 оноос дэлхийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнэ өссөнтэй холбоотойгоор буурсан. Харин аж үйлдвэр буюу уул уурхайн салбарын ДНБ-нд эзлэх хувь өсч, өнөөдрийн байдлаар 33 орчим, бусад салбар 50 хувьтай байна.  

ХАА-н салбарыг хөгжүүлэхэд УИХ, Засгийн газраас удаа дараа бодлого хэрэгжүүлж ирсэний нэгэн нь "Атарын аян". Энэ аяны хүрээнд 2010 оноос хойш газар тариалангийн салбарт хураан авч байгаа ургацын хэмжээ ихээхэн нэмэгдэж ирсэн" гэж онцоллоо. 

Мөн тэрбээр Монголын эдийн засаг түүхий эдийн хамааралтай байдлаас үүдэн 8-9 жилийн савалгаатай, уналттай явж ирсэн гээд энэ савалгаа, тойргийг таслан зогсоох нь урт хугацааны хөгжлийн нэн чухал бодлого болно гэсэн юм. 

Цаашдаа Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр 2016 онд эдийн засаг өсөлт гарахгүй ч 2017 онд 3 хувь, 2018 онд 5, 2019 онд 7 хувьд хүргэж эдийн засгийг өсгөх, Монголбанкны мөнгөний бодлогод тусгаснаар инфляцийг 8 хувиас илүүгүй барих боломж бүрдэх юм. Олон улсын байгууллагын судалгаагаар ч Монгол Улсын эдийн засаг эргээд сэргэх нөхцөл бүрдэнэ гэсэн нааштай төсөөлөл гарчээ. Өсөлтийн гол хувь нь уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эдийн үнийн өсөлттэй холбоотой байх ч ХАА-н бүтээгдэхүүний эзлэх хувийг 18 хувиас доошгүй байлгах, цаашид нэмэгдүүлэх нь эдийн засгийн өсөлтийн зохистой бүтэцтэй болгоход чухал ач холбогдолтой гэж тодотгож байлаа. 

Ерөнхий сайдын ахлах зөвлөх Н.Энхбаяр "Бид өнгөрсөн алдаанаасаа сургамж авч ажиллах хэрэгтэй. 2010 оны нэгдүгээр сард Дэлхийн банкнаас Монгол Улсад хандан гаргасан зөвлөмжид "Уул уурхайн салбарын огцом өсөлт нь цаашдаа "голланд өвчин"-ий эрсдэл дагуулж болзошгүй. Тиймээс хөрөнгийн зарцуулалтаа анхаарч, Төсвийн тогтвортой байдлын хуулийг чанд хэрэгжүүлээрэй" гэсэн. Энэ зөвлөмжийг дахин анхаарах, хэрэгжүүлэх шаардлага одоо үүсч байна. Олон улсын байгууллагын судлаачид манай улсад маш сайхан боломж байна гэсэн. Энэ бол манай хүн амын бүтэц. 1990-ээд онд хүн амын төрөлт их байсантай холбоотойгоор одоо 25-30 насны залуучуудын эзлэх жин их байгаа юм. "Хүн амын цонх" гэгдэж буй энэ боломжийг бид ашиглаж тэтгэврийн сангийн өөрчлөлт гэх мэт томоохон өөрчлөлтүүдийг амжиж хийх хэрэгтэй. Бидэнд 20-25 жилийн боломж байгаа ч хувь хүний насаар биш улс орны хөгжлөөр тооцоход урт хугацаа биш юм. Үүнээс гадна хөгжлийн бодлогоо тооцохдоо эрсдлийн хүчин зүйлээ тооцож боловсруулах ёстой гэж үзэж байна" гэсэн юм. 

Хуралдаанаар түүний илтгэлд тулгуурлан хөгжлийн бодлого зорилт, тулгарч байгаа хүндрэлийг даван туулах арга зам, макро эдийн засгийг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын орчин зэргийн талаар ярилцлаа. Мөн Бодлогын зөвлөлийн хуралдааны давтамжийг ойртуулахаас гадна нэг хурлаар тухайлсан нэг асуудлыг хэлэлцэн зөвлөмж гаргаж байхаар тогтов. 

Эдийн засгийн бодлогын зөвлөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үүрэгтэй юм.

Н.Гантуяа

Связанные новости