Италийн Гадаад хэргийн сайдыг Ерөнхий сайдаар томилов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-12 11:01:27

РОМ. /Reuters/. Италийн Гадаад хэргийн сайд Паоло Жентилони Ерөнхий сайдаар томилогджээ.

Ерөнхийлөгч Сержо Маттарелла улс төрийн намуудтай зөвлөлдсөний эцэст ням гарагт ийм шийдвэр гаргасан байна.

Ингэснээр Жентилони засгийн газраа бүрдүүлж, парламентын сонгуульд бэлтгэхэд анхаарлаа хандуулах хэрэгтэй болж байна.

Бүх нийтийн санал асуулгын дүнгээр Үндсэн хуулийг шинэчлэх төлөвлөгөөг нь олон нийт дэмжээгүй тул Италийн Ерөнхий сайд Маттео Ренци энэ сарын 4-нд огцорсон билээ.

Өдгөө 62 настай Жентилони бол Ром гаралтай хүн юм. Харилцаа холбооны сайдаар ажиллаж байсан тэрбээр 2014 оноос хойш Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа билээ. Тэрбээр Ренцигийн удирддаг зүүний төвч үзэл баримтлал бүхий Ардчилсан намын гишүүн юм.

Жентилони өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэл хийхдээ “олон нийтийн дунд үүсээд байгаа түгшүүрийг намжаахын тулд шинэ засгийн газрыг яаралтай бүрдүүлэх хэрэгтэй байгааг би сайн ойлгож байна” гэжээ.

Тус улсын парламентын сонгууль товлосон ёсоор 2018 онд болох ёстой боловч ирэх онд болох магадлал өндөр байна. Улс төрийн олон нам сонгуулийг хугацаанаас нь өмнө  явуулахыг шаардаж байгаа юм.

Г.Доржханд

 

Связанные новости