25 байршилд дуудлага худалдаа зарласнаас нэг газар нь л борлогджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНийслэлийн зарим дүүрэгт газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 25 байршилд зарлаж явууллаа. Гэвч дуудлага худалдаанд оролцогсод анхны үнийн саналыг өсгөөгүй тул дээрх байршлын дуудлага худалдаа хүчингүй болсон байна.
Нийслэлээс хоёр дахь удаагаа дуудлага худалдаа зохион байгуулж буй бөгөөд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь орон сууцны зориулалттай газрыг анх 79.073.271 төгрөгөөс дуудаж иргэн Н.Энхцаг 84.073.271 төгрөгөөр худалдан авчээ.
Өнөөдрийн дуудлага худалдаагаар Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар нийт 25 байршилд дуудлага худалдаа зарласан юм.
Нийслэлийн Газрын албаны орлогч дарга Б.Нямдаваа хэлэхдээ, “Дуудлага худалдаанд хоёр байршилд нийт дөрвөн оролцогч хүсэлт ирүүлсэн ч оролцогсод үнийн санал тавиагүй учир амжилтгүй боллоо. Харин Баянзүрх дүүргийн орон сууцны зориулалттай газарт ялагч тодорсон. Цаашид үлдсэн газруудад дуудлага худалдааг иргэд аж ахуйн нэгжүүдэд нээлттэй зарлана” хэмээн онцлов.
Б.Заяа