Ирэх онд Нийслэл улсын төсөвт 89.4 тэрбум төгрөг төвлөрүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНийслэлээс улсын төсөвт 89.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр боллоо.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд болж Нийслэлийн 2017 оны төсвийг баталсан юм. Тодруулбал нийслэлийн орон нутгийн төсвийн нийт орлогыг 542.1 тэрбум төгрөг, нийт урсгал зарлагыг 295.7 тэрбум төгрөгөөр тус тус хянаж Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2 дахь заалтын дагуу улсын төсөвт 89.4 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх юм.
Нийслэлийн орон нутгийн сангийн хөрөнгийг 2016 оны батлагдсан дүнгээс 2.2 тэрбум төгрөгөөр бууруулж 12.1 тэрбум, Улсын тусгай шилжүүлгээр санхүүжүүлэх нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, хүүхэд хөгжил, хамгаалал, газрын харилцааны салбарын санхүүжилтийг өмнөх оноос 17.8 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 321.7 тэрбум төгрөг байхаар баталлаа.
Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч, НИТХ-ын төлөөлөлөгч П.Баярхүү ярихдаа, "Улаанбаатар хот эдийн засгийн маш хүндрэлтэй үед төсвөө баталлаа. Нийслэл жилдээ 150-160 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Өнгөрсөн жилүүдэд 454 тэрбум төгрөгийн концессын гэрээ хийсэн. Үндсэндээ бидний дөрвөн жилд хийх ажлын төсвийг урьдчилан хийсэн. Гэхдээ хүнд байна гээд зүгээр суусангүй. Нийслэл газар зохион байгуулалтын сан, биржтэй болохоор төлөвлөж байна. Энэ ажлын хүрээнд ерөнхий сайдын дэмжлэгээр 1 000 айлын орон сууцны ажлыг эхлүүлж, орон сууцаа хашаагаар солих ажлыг хийнэ.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, "МАН сонгуулиар нэг өрх нэг ажлын байр гэж амласнаасаа ухарч байна.Төсөв дээр мэдээлэл технологийн зардлыг эрс өсгөсөн явдал юм. Өнгөрсөн жилүүдэд нийслэл мэдээлэл технологийн салбартаа дунджаар хоёр тэрбум төгрөг зарцуулж байв. Гэтэл энэ жил 17 тэрбум болгож өсгөлөө. Энэ 17 тэрбумын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлуудын зарим нь өмнөх жилүүдэд хэрэгжсэн. Үүнд зарцуулж байгаа хөрөнгийг ахмадын орон сууц, түрээсийн орон сууцны төсөлд зарцуулах шаардлагатай хэмээн манай намын бүлгээс үзэж байгаа" хэмээн тодотгов.
Б.Заяа