Ф.Олланд сонгуульд дахин нэр дэвшихгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРФРАНЦ. /AFP/. Ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд мэдэгдлээ.
Ф.Олланд пүрэв гарагт телевизээр үг хэлэхдээ энэ тухай мэдэгдсэн байна.
Тэрбээр хэлэхдээ “ард түмнээс хангалттай дэмжлэг авч чадахгүй гэдгээ би мэдэж байгаа учир сонгуульд дахин өрсөлдөхгүй байхаар шийдсэн” гэжээ.
Зүүний төвч үзэлт Социалист намын Ф.Олланд 2012 онд Францын ерөнхийлөгч болсон юм.
Ажилгүй хүмүүсийн тоог цөөрүүлэх болон терроризмтой тэмцэх дорвитой арга хэмжээ авч чадаагүй гэж өнгөрсөн оноос түүнийг ард иргэд нь эрс шүүмжлэх болсон билээ. Түүнийг дэмжигчдийн тоо саяхан 10 хувьтай болсон нь түүхэн доод үзүүлэлт аж.
Эдийн засгийн сайд асан Арнод Монтеборг, Ерөнхий сайд Мануэль Валлс нар ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд ирэх оны нэгдүгээр сард болох Социалист нам доторх сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.
Гэхдээ Социалист нам болон зүүний төвч үзэлт бусад нам хэнийг ч нэр дэвшүүлсэн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ширүүхэн өрсөлдөөнтэй тулгарч магадгүй гэж шинжээчид үзэж байна.
Барууны төвч үзэлт сөрөг хүчний Бүгд Найрамдах намынхан Ерөнхий сайд асан Франсуа Фийоныг өнгөрсөн сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгосон билээ.
Тус улсын хэт барууны үзэлт Үндэсний фронт намын дарга Марин Ле Пен мөн сонгуульд нэр дэвшихээ хэдийн мэдэгдсэн юм.
Г.Доржханд