Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд хүргэхэд хувийн хэвшлийн дэмжлэг чухал гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГНЗД С.Батболд, НИТХ-ын дарга Ц.Сандуй нар өнөөдөр нийслэлийн хөгжлийг дэмжиж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилго бүхий “Улаанбаатар хотын худалдааны танхим” гишүүдтэй уулзаж, санал солилцов.
Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргахад хувийн хэвшлийнхний оролцоо, дэмжлэг шаардлагатай гэдгийг Хотын дарга уулзалтын эхэнд онцлов. Тэрбээр ирэх 4 жилд хууль эрх зүйн орчин сайжруулах, хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт өрнүүлэх, худалдаа үйлчилгээний салбарыг шинэ шатанд гаргах, шинэ техник технологи нэвтрүүлэх зэргээр хувийн хэвшлийнхнийг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлд агаар, усны бохирдол, замын түгжрэл, инженерийн шугам сүлжээний хоцрогдол, ядуурал зэрэг олон асуудал тулгамдаж байна. Үүнийг шийдвэрлэх мөрийн хөтөлбөрийг НЗД батлуулсан. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчид, ялангуяа Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд санаачлагатай оролцох хэрэгтэй. Нийслэлийг хөгжүүлэхэд зөвхөн хотын төсвийн хөрөнгө оруулалт гэсэн хязгаарлагдмал нөөцийн талаар ярих бус хувийн хэвшлийнхний боловсруулсан төсөл хөтөлбөрт тулгуурлах хэрэгтэй" хэмээв.
"Улаанбаатар хотын худалдааны танхим" 90 гаруй гишүүнтэй. Гишүүдийн зүгээс ажилгүйдэл, ядуурал, утаа, түгжрэл зэрэг нийслэлийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хотын удирдлагуудтай нэг баг болон хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм . Уулзалтаар сар бүр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар уулзалт хийж, тодорхой санал санаачлага, төсөл хөтөлбөрийн талаар хөндөн ярилцаж, асуудлаа шийдэж байхаар тохирлоо.
Ч.Ариунболд