Наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг хоёрдугаар сард сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-10 14:32:34

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах есөн салбар хорооны ажлын тайлантай танилцаж, ирэх жилийн баяр наадмын зохион байгуулалт, төсөв, төлөвлөгөө болон шууд дамжуулалтын асуудлаар санал солилцов.


Уулзалтын үеэр баяр наадмын нээлт, хаалт болон хурдан морины уралдааныг нэгдсэн сигналын систем ашиглан бүх телевизээр шууд дамжуулах боломжийг бүрдүүлэх, нээлтийн найруулагчийг эрт сонгон шалгаруулж бэлтгэл ажлыг хугацаанд нь эхлүүлэхийг үүрэг болгосон байна.


2026 оны зургаадугаар сарын 20-23-нд “Морьтны жагсаал”-ыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Нэтфликс”-ийнхэн баримтат киноны зураг авах аж.


Энэхүү жагсаал 56 орны төлөөлөл оролцохоо мэдэгдсэн байна.


Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас долоодугаар сарын 11-нийг “Адууны өдөр” болгон тэмдэглэхийг уриалсантай холбогдуулан адууны соёл, уламжлалыг наадмын нээлт, хаалт болон орон нутгийн баяр наадмуудад өргөн сурталчлах төлөвлөгөө боловсруулахыг Шадар сайд салбар хороодод даалгажээ.


Үүнээс гадна 2025 оны үндэсний баяр наадмаар цолны болзол хангасан уяач, харваачдын судалгаа болон 2026 оны баяр наадмын төсөв, төлөвлөгөөг боловсруулж, журмын өөрчлөлтийн төслийг ирэх сард багтаан танилцуулах, нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сарын 20-ны дотор сонгон шалгаруулах чиглэл өгчээ. Түүнчлэн гадаад оронд амьдарч буй монгол иргэдийн санаачилгаар зохион байгуулдаг баяр наадмуудыг бодлогын түвшинд дэмжих саналыг танилцуулахыг үүрэг болгосон байна. 



Связанные новости