БУЛГАН: Харваачдын уухайн дуу өдөржин цуурайтдаг болохоор Хангинахын шугуй гэж нэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Булган аймагт далны яс, хонины шагай хоёроос үүдэлтэй шагайн харваа Хангинахын шагайн тойром, Нарангийн тойром, Баян Сөртийн шагайн тойром, Элсэн тасархайн тойрмуудад 400 жил үе уламжлан хөгжсөөр өдгөө Есөн тохой наадам болсон байна.
Газар газрын тоглоом наадгай, зарим нь спортын төрөл болтлоо хөгжиж ирсэн түүхэн замналтай. Жишээ нь шагай харваа нь хөдөөгийн малчид цуглуулсан хонины шагайгаараа битүүний орой ч юм уу, чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэхийн тулд шагай шүүрэх, няслах (зарим нутагт бөгцөг няслах гэдэг) зэргээс үүдэлтэй ажээ.
Жижиг малын далны ясыг хашлага болгож, мөн шагайгаар сум орлуулж гэрийн нөхцөлд тохируулан харваж нааддаг байсан бол цаг хугацааны уртад улам боловсронгуй болгож зандан модоор хашлага хийж, бугын эврээр сум болон хасаагаа хийж харваж эхэлснээр эдүгээ спортын төрөл болтлоо түүхэн замналыг туулж ирсэн байна.
Шагай харваа нь үүссэн цагаасаа хүний сэтгэл зүй болон тэсвэр тэвчээр, хүлээц, харааны шалгуур, сонсгол зэргийг хөгжүүлэхэд ач тусаа өгч ирсэн наадгай юм. Мөн шагай харвахад ахмад настнаа хүндлэх, хүлээцтэй суулгаж сургадаг, хараалын үг хэлэхгүй байх, шагайн харвааныхаа дүрмийг ягштал биелүүлэх зэрэг ёс зүйг нарийн баримталдаг уламжлал тогтжээ.
Булган аймгийн Хангинахын шугуйн шагайн тойром нь зуны эхэн сарын шинийн 8-нд буюу монос цэцэглэх цагаар тэр жилийнхээ шагайн харвааг эхлүүлдэг байна. Энэхүү шагайн уламжлал тогтоод 400 жил болж байгаа тухай Улсын гарамгай мэргэн харваач “Дайчин вангийнхан” багийн ахлагч Г.Нинжпэрэнлэй өгүүлсэн юм.
Хангинахын шугуй хэмээх газар нь Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутагт байдаг байгалийн үзэсгэлэнтэй газар. Нутаг нутгийн цуутай мэргэн харваачид очиж цэц мэргэнээ сорин, хагас сар орчим нааддаг байсан гэдэг. Харваачдын уухайн дуу өдөржин цуурайтдаг болохоор Хангинахын шугуй гэж нэрлэсэн бөгөөд зуны эхэн сарын хөхөөн дуутай хамт уухайн түрлэг сонсогдох нь мөн ч сайхан шүү хэмээн Хантай нутгийн зарим хөгшчүүл дурсан ярьдаг.
Булган нутагт Хангинахын шагайн тойром, Нарангийн тойром, Баян сөртийн шагайн тойром, Элсэн тасархай зэрэг шагайн тойрмуудад томоохон харваа болж, тухайн жилийнхээ мэргэн харваачид болон аварга багуудаа шалгаруулдаг байна.
Хангинахын шугуйн шагайн тойром нь Ардын хувьсгалаас ч өмнө харваж байсан бөгөөд 1937 оны хэлмэгдлийн жилүүдийн үед хаагдаад дахиж харвалгүй байсаар 1980 оны зуны эхэн сард Булган аймгийн дарга асан Гунгаагийн Бадарчийн санаачилгаар хуучин уламжлал ёсоороо сэргээн харваж эхэлжээ.
Тухайн жилийн харваанд сумдаас шагайн харваачдын багууд оролцсоноос Б.Санжаа, Д.Дугарсүрэн, Ц.Санзай, Г,Нинжпэрэнлэй, А.Гомбожав нарын баг түрүүлж, цуваа харваанд Сэлэнгэ сумын Л.Оюун түрүүлсэн ажээ.
Улсын мэргэн харваач Л.Оюун 1976 оноос анх шагай харваж эхэлсэн бөгөөд 10 удаа түрүүлж, 7 удаа шөвгөрч байсан туршлагатай харваач юм. Малгайных нь хоёр залаа бүчний нэг дээр нь 10 хөндлөн зураас байх бөгөөд тэр нь 10 түрүүлсний тэмдэг, харин нөгөө бүчин дээрх өргөн 7 тууз нь 7 удаа шөвгөрсөн гэснийг илэрхийлдэг ажээ.
Монголын нууц товчооны 750 жилийн ойг Хэнтий аймагт тэмдэглэх үеэр 164 баг очиж харваснаас Сэлэнгэ сумын баг улсад 2 дугаар байрт орж, УДБЭТ-ын баг түрүүлж байжээ.
Мөн сонирхуулж ярихад Л.Оюун гуайг цэрэгт байх үеэр Ар Жанчивланд “Хөдөөгийн баясгалан”.киноны жүжигчид натурт гарсан байсан бөгөөд Л.Оюун гуайн барьж байсан гал командын усны машинаар бороо оруулдаг хэсгийн кадрыг авч байсан гэдэг. -Би чинь киноны бороо оруулж явсан хүн шүү. Одоо хааяа “Хөдөөгийн баясгалан” киногоо үзэхээр миний оруулсан бороо гэж бахархдаг даа хэмээн залуу насны дурсамжаа хуваалцсан юм.
Харваачид болгон шагайтай холбоотой өөрийн гэсэн түүхтэй байх юм даа.
Г.Нинжпэрэнлэй гуайг Халиун сумын 3 дугаар ангид сурч байх үед нь аав нь хуванцар хайрцаг зүсэж хашлага хийгээд, бугын эвэр хөрөөдөж хоёр хөөрхөн дугуй сум хийж өгсөн гэдэг. Аав маань ингэж л анх шагай харвах сонирхолтой болгон дасгалжуулж байсан юм даа. Аавынхаа ачаар өнөөдөр Монгол Улсын харьшгүй мэргэн харваач цолтон болоод явж байна даа хэмээн дурсан ярив.
Бидний ухаант өвгөд ингэж л шагайн харваагаа тасалдуулахгүйн тулд хойч үеэ багаас нь дасгалжуулж байсны тод жишээ энэ юм.
Шагайн харваа нь анх эхэн өрөг, дунд өрөг, адаг өрөг гэсэн дүрмээр тоглодог байсан бол одоо сүүлийн үед хоёр өргөөр тоглож заншсан тухай ярьж байлаа. Хурууны чадал, цэц мэргэнээ сорьсон, хийморь сэргээсэн шагайн харвааны наадам нь 9 тохой зайнаас харвадаг бөгөөд зарим харваач "Есөн тохой наадам" гэж хүндэтгэлтэйгээр өргөмжлөн нэрлэх дуртай байдаг ажээ.
Улсын гарамгай мэргэн харваач “Дайчин вангийнхан” багийн ахлагч Г.Нинжпэрэнлэй



Связанные новости
Ulaanbaatar