Газрын баялаг эзэмших, ашиглах эрхийг зөвхөн хувьцаат компанид олгохыг зөвлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын хөрөнгийн бирж, МҮХАҮТ, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо зэрэг байгууллагаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газар, УИХ-д зөвлөмж хүргүүллээ.
Дээрх байгууллагууд өнгөрсөн сарын 26-нд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх талаар “Нэг зорилго- Нэгдсэн шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Уг хэлэлцүүлэгт хөрөнгийн зах зээлд оролцогч 400 гаруй байгууллагын төлөөлөгч оролцсон байна. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтийг нэгтгэн зөвлөмж боловсруулж, Засгийн газар, УИХ-д хүргүүлж байгаа аж.
Зөвлөмж нь хөрөнгө оруулалтыг дэмжих, үнэт цаасны зах зээл дээрх бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх гэсэн хоёр хэсгээс бүрдсэн байна. Үнэт цаасны зах зээл дээрх бүтээгдэхүүний төрлийг нэмэгдүүлэх хэсэгт төрийн болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд зарлагдсан тендерт нээлттэй хувьцаат компаниудад давуу эрх олгох, Засгийн газрын бонд болон бусад төрлийн үнэт цаасны арилжааг хөрөнгийн зах зээлээр олон нийтэд хүртээмжтэй борлуулах зэргийг оруулжээ. Түүнчлэн газрын баялгийг эзэмших, ашиглах эрхийг зөвхөн хувьцаат компанид олгохыг зөвлөсөн байна.
Харин хөрөнгө оруулалтыг дэмжих хэсэгт хөгжиж буй орнуудын жишгээр ногдол ашгийн, ханшийн зөрүүний болон компанийн бондын хүүгийн орлогын албан татварыг тэглэх, олон улсын стандартад нийцсэн төлбөр тооцооны систем нэвтрүүлэх, Хөрөнгийн бирж болон Үнэт цаасны арилжааны клирингийн төвийн тодорхой хэсгийг хувьчлах зэргийг тусгасан байна. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт хөрөнгийн зах зээлийн тухай хичээл оруулах санал тусгажээ.
Ч.Ариунболд