Санхүүгийн салбарынхан тогтвортой хөгжлийн асуудлаар чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-18 12:43:46

Монголын Банкны Холбоо, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Монгол Улсын Тогтвортой санхүүжилт 2016” форумыг энэ сарын 25-нд Туушин зочид буудалд зохион байгуулахаар болжээ.

 Энэ жилийн Форум “Тогтвортой хөгжил 2030: Төлөвлөлтөөс хэрэгжилтэд” үндэсний чуулганы нэг хэсэг болж зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой юм.  Форумыг Голомт банк, Монголбанк, Сангийн яам, СЗХ, НЗД, МҮХАҮТ, Олон улсын санхүүгийн корпараци, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага, Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл, Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулах юм байна.

Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт банкууд 2015 оноос эхлэн Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмууд болон уул уурхай, барилга, хөдөө аж ахуй, боловсруулах гээд 4 салбарын удирдамжийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхэлсний дагуу банкууд аливаа зээл санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдлийг үнэлдэг болсон. Энэхүү арга хэмжээгээр дээрх хөтөлбөрийн хэрэгжилт, явц, цаашдын алсын хараа, зохицуулагч байгууллагууд, банкны бус санхүүгийн салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм. Мөн өнгөрсөн жилийн форумын үр дүнд шийдвэрлэсэн Ногоон зээлийн сан байгуулах төслийн хүрээнд хийсэн ажлуудын үр дүнгээс танилцуулж, цаашид  төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнөх юм байна. Түүнчлэн эрчим хүч, боловсруулах үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт ногоон бизнес эрхлэгчдийн сайн туршлагаас танилцуулж, хувийн хэвшлийн байгууллагуудын тогтвортой хөгжил дэх манлайлал, үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцах юм.

 Б.Заяа

Связанные новости