Эдийн засгийг дэмжих гол хөшүүрэг нь тогтвортой хөгжил гэдэгт санал нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжихэд зөвхөн уул уурхайгаар хязгаарлалгүй бусад салбарын оролцоог хангах нь чухал гэдэгт “Тогтвортой хөгжлийн форум”-ын төлөөлөгчид төвлөрч ярилцлаа.
Шангри-Ла зочид буудалд болсон “Тогтвортой хөгжлийн форум”-д хот, хөдөөгийн 150 гаруй төлөөлөгч оролцов.
Үндэсний хөгжлийн газар, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөр хамтран дээрх форумыг зохион байгууллаа.
Монгол Улс ядуурлыг устгах, тэгш бус байдалтай тэмцэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах зорилготой Тогтвортой хөгжлийн зорилтуудыг анхлан хэрэгжүүлж эхэлсэн орнуудын нэг бөгөөд Тогтвортой хөгжлийн хэтийн төлөв 2030 хөтөлбөрөө баталсныг НҮБ-ын Суурин зохицуулагч, Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Б.Транкман онцолсон юм. Тэрээр илтгэлдээ, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэх гол хүчин зүйл нь дан ганц эрдэс баялгийн олборлолт бус юм. Тйимээс Монгол Улс олон салбарыг хамарсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл рүү шилжин тогтвортой хөгжихөд гол анхаарлаа төвлөрүүлэх нь чухал хэмээн тодотгов.
Харин Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөрийн захирал Штефан Ханселманн ярихдаа, “ЭТИС хөтөлбөр нь компанийн нийгмийн хариуцлагыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн тогтвортой хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа чиглүүлэн ажилладаг. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсантай холбоотой ЭТИС хөтөлбөрөөс сүүлийн 6 жилийн турш зохион байгуулж буй Компанийн нийгмийн хариуцлагын форумыг энэ жилээс эхлэн Тогтвортой хөгжлийн үндэсний форум болгон өөрчлөн үргэлжлүүлж байна. Энэ удаагийн форумаар Тогтвортой хөгжлийн 17 зорилтын гурван асуудлыг хэлэлцэж байгаагаараа онцлогтой юм. Ажлын байр, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, эрүүл ахуйн үндэсний бодлогын хүрээнд “Хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн өсөлтийг дэмжих, нийт хүн амыг баталгаатай орлого, аюулгүй ажлын байраар хангах” буюу Тогтвортой хөгжлийн наймдугаар зорилтыг хэрэгжүүлэх нь чухал. Тиймээс энэ зорилтыг форумаар онцоллоо” хэмээн дурдав.
Түүнчлэн тус форумаар уул уурхайн эрсдэл, уурхайн бүс нутагт амьдарч буй хүн амын нийгмийн асуудал, уурхайн үр шимийг тогтвортой хүртэх нөхцлийг бүрдүүлэхийн тулд “Хот, суурин газруудын тэгш, хүртээмжтэй, аюулгүй, тогтвортой хөгжлийг дэмжих” буюу Тогтвортой хөгжлийн 11 дүгээр зорилтыг хэрэгжүүлэх талаар санал солилцсон юм. Компанийн тогтвортой хөгжлийн үйл ажиллагааг сайн үйлс бүтээж байна гэдгээр хэмжиж болохгүй. Энэ нь зарим тохиолдолд тухайн байгууллагын нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэхийн оронд нэр төрийг унагаах явдал гардаг. Тиймээс компаниуд стратегиэ зөв тодорхойлж, хэтийн бодлогоо оновчтой боловсруулснаар урагшилна гэдгийг илтгэгчид онцлов.
Мөн үеэр Олон улсын стандартчиллын байгууллагаас хээл хахуультай тэмцэж, бизнесийн ёс зүйтэй соёлыг төлөвшүүлэхэд байгууллагуудад туслах зорилготой шинэ стандарт баталсан бөгөөд энэ талаар Стандарт, хэмжил зүйн газрын Үндэсний зөвлөлийн Нарийн бичгийн дара П.Тунгалаг мэдээлэл хийсэн юм. Тэрээр мэдээлэлдээ, “ISO 37001 Хээл хахуулийн эсрэг удирдлагын системийн стандарт нь байгууллагууд хээл хахуулиас урьдчилан сэргийлэх, илрүүлэх, тэмцэхэд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий чиглэлийг тодорхойлсон. Авилга хээл хахуулийг ихэвчлэн төрийн байгууллагад л гардаг мэтээр хүмүүс ойлгодог. Гэвч хээл хахуультай тэмцэхэд хувийн хэвшлийн гүйцэтгэх үүрэг их бий” гэлээ.
Ийнхүү Форумын хүрээнд “Бүтээлч хөдөлмөр эрхлэлтийн төлөөх мэргэжлийн боловсрол”, “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо-ISO37001 стандарт”, “Орон нутгийн тогтвортой хөгжил” гэсэн салбар хуралдаанууд болж мэргэжилтнүүд санал бодлоо илэрхийлсэн юм. Тодруулбал “Орон нутгийн тогтвортой хөгжил” агаарын бохирдол салбар хуралдаанаар Малайз улсын байгаль орчин хамгаалах туршлагыг танилцуулж, агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг хэлэлцсэн юм.
Б.Заяа